Элчин сайд М.П.Сингх: Монгол Улстай тогтоосон хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааг батжуулна
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла 2023 оны 7 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Монгол Улс сүүлийн хоёр жилийн хугацаанд хүчин чармайлт гаргасны үр дүнд энэ удаагийн өндөр түвшний айлчлалыг зохион байгуулахаар болсныг Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П. Сингх онцоллоо.
Тэрбээр, Монгол Улстай тогтоосон хамтын ажиллагаа нь ардчилал, оюун санааны номлол, хөгжлийн түншлэл, дижитал хөгжил гэсэн дөрвөн үндсэн дээр тогтдог хэмээгээд энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд тогтсон дээд түвшний удирдагч нарын харилцан айлчлалын үр дүнг улам батжуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Ноён Элчин сайд, бид энэхүү айлчлалыг зөвхөн хөгжлийн түншлэлийг тогтвортой байлгах төдийгүй “оюун санааны хөрш”, гуравдагч хөрш Монгол Улстай найрсаг харилцаагаа үргэлжлүүлэх амлалтаа дахин нотлох үүднээс зохион байгуулж байна хэмээсэн. Айлчлал нь хоёр улс харилцаагаа дүгнэх, цаашдын хөгжлийн арга замаа тодорхойлон нэгтгэх, эрчимжүүлэх боломжийг олгоно гээд, айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс хоёр орны парламентын Тамгын газруудын хооронд болон парламентын түвшинд хийдэг судалгаа, хамтын ажиллагааг дэмжин ажиллах талаар Харилцан ойлголцолын санамж бичгүүд байгуулахаар төлөвлөж байгааг дурдав.
Элчин сайд М.П.Сингх, Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирлаг дагалдан ирэх парламентын гишүүд, Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улс ардчиллын үзэл санааг хэрхэн дээдэлж буйг харах нь дамжиггүй. Энэ нь хоёр улсын цаашдын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх замыг нээнэ гэж үзэж байна гэлээ.
Мөн тэрбээр, энэхүү айлчлал нь Монгол Улсад хэрэгжиж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг эрчимжүүлэх саналтай танилцах бололцоо олгосон өндөр түвшний айлчлал байх юм гээд, “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалтад оролцож буй Энэтхэгийн талын оролцооны хүрээнд Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуульд Кибер аюулгүй байдлын сургалтын төвийг байгуулж, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Энэтхэг-Монголын найрамдлын сургуульд мэдээллийн технологийн шилдэг төв байгуулах талаарх санаачилгууд эрчимтэй урагшилж байгааг тэмдэглэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.