Баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад орсноор нүүрсний үнэ 30-40 хувиар нэмэгдэх боломжтой
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллаж, Бортээгийн хуурай баяжуулах болон Нүүрс баяжуулах үйлдвэр, Нүүрс ачих логистикийн төв, Загийн усны хоолойн төсөл зэрэг төслийн явцтай танилцлаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д нүүрс баяжуулах хоёр үйлдвэр барьж байна. Жилд 10 сая тоннын хүчин чадалтай нойтон аргаар нүүрс угаах үйлдвэрийн гүйцэтгэл 40 орчим хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа бөгөөд 2024 оны 7 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Харин жилд 5 сая тоннын хүчин чадалтай хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэрийг ирэх 7 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж буйг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат танилцуулав.
Түүхий эдийг сорчлохгүйгээр үнэд хүргэхийн тулд Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг шуурхайлах шаардлагатай. Үйлдвэрүүд ашиглалтад орсноор нүүрсний үнэ 30-40 хувиар нэмэгдэх боломжтой юм.
Төр-Хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа Нүүрс баяжуулах үйлдвэрийг эдийн засаг, экспортод голлох нөлөө үзүүлэх бодлогоор Засгийн газраас онцгойлон дэмжиж буйг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгосон юм.