“Соёлын наадам” энэ сарын 11-12-нд Монгол Наадам цогцолборт болно
Монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой “Соёлын наадам”-ыг долдугаар сарын 11-12, Уяачдын наадмыг долдугаар сарын 13-нд Соёл Урлагийн Их Сургууль (СУИС)-ийн багш, оюутнууд, ажилчид, соёлын өв тээгчид, уран бүтээлчид зэрэг 200 гаруй хүн хамтран, Хүй Долоон Худгийн Монгол Наадам цогцолборт зохион байгуулна.
Уртын дуу, богино дуу, морин хуур, бий биелгээ (уламжлалт бүжиг), хөөмий, Монгол тууль гэх мэт язгуур урлагийн төрлөөр дэглэсэн “Монгол эрдэнэ” ардын урлагийн тоглолт болно.
Мөн монгол түмний нэгдмэл үнэт зүйлсийг агуулсан “Монголын нэг өдөр-Соёлын отог” асруудаар аялж, “Язгуур урлаг”, “Монгол цайны соёл”, “Цагаан идээний соёл”, “Айрагны соёл”, “Казах соёлын гэр”-ээр зочилж, Цаатан түмний урцанд саатан, ардын уламжлалт тоглоом наадгай, нүүр будалт ба хөрөг зураг, уран бичлэг, эсгий урлал, монгол угсаатны хувцас, эд өлгийн зүйлстай танилцаж, “Аварга Монгол” баримлуудтай хөргөө татуулах боломжтой аж.
“Соёлын наадам” нь 2008 оноос зохион байгуулагдаж, 2015 оноос Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор багтаж, өдгөө Монголчуудын хүсэн хүлээдэг наадам болсон билээ.