Хороодын хамтарсан хуралдаан боллоо

Өнөөдөр Эдийн засаг төсвийн хороо, Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо болон Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо тус тус хуралдлаа.

Эдийн засаг төсвийн хороо, Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо хамтран хуралдаж, хурлын эхэнд Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн тавдугаар сард Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу Сангийн яамтай хамтран ажиллаж, холбогдох байгууллагуудаас санал авч, Засгийн газрын тавдугаар сарын 24-ний хурлаар Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг хэлэлцүүлэн батлуулсан. Үнэт цаас гаргаснаар Нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, үйлдвэр технологийн парк руу чиглэсэн төслүүдийг санхүүжүүлэх боломжтой гэж харж байна” гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Төлөөлөгч Б.Нэргүй үнэт цаас гаргах нь ирээдүйд үнэ цэнэ, үр ашгаа өгнө гэж харж байна. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрахтай холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зөв зарцуулах  нь чухал гэсэн бол М.Тулгат бондын эргэн төлөлттэй холбоотой тооцооллыг маш хариуцлагатай хийх ёстой гэсэн саналуудыг хэлсэн юм.

Нийслэлийн үнэт цаасыг Засгийн газар болон Сангийн яамны хяналттай шийдвэрлэнэ.  Бондыг урт буюу 5 жилийн хугацаатай, үе шаттайгаар эргэн төлнө. Урт хугацаанд байх тусам төсөвт ирэх дарамт бага байна. “Сэлбэ сэргэлт” төсөл хотын хэмжээнд маш эерэг нөлөө үзүүлнэ. Голчлон үйлдвэр технологийн парк руу чиглэсэн төслүүдийг бондоор санхүүжүүлэх боломжтой гэж харж байна хэмээн Ж.Сандагсүрэн тодотголоо.

Мөн хурлаар Нийслэлийн ойгоос 2023 онд бэлтгэх модны хэмжээ, Нийслэлийн нутаг дэвсгэр дэх орон нутгийн тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах, Нийслэлийн өмчийн нэгдсэн дүнг баталгаажуулах зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо.

Энэ онд 47 байршлын 7,68 га газрыг нийтийн эдэлбэр газарт нэмж бүртгэнэ

Харин Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны хурлаар Нийслэл хотын нийтийн эдэлбэр газрын хэмжээг тогтоох, ашиглалтын журмын талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Эрдэнэтуул танилцууллаа. Тэрбээр “Хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр нийслэлийн гудамж талбайн ногоон байгууламжийг хэвээр хадгалан үлдэх, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна. Иймд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж нөхцөлөөр хангах зорилгоор нийтийн эдэлбэр газрыг нэмэгдүүлэх, журамлах шаардлагатай байна. Нийслэлийн ИТХ-ын зургаан удаагийн тогтоолоор одоогийн байдлаар 145 байршлын 227,97 га газрыг нийтийн эдэлбэрт газарт бүртгэсэн. 2023 онд нийтийн эдэлбэр газарт 47 байршлын 7,68 га газрыг нэмж бүртгэхээр төлөвлөөд байна. Нийслэл хотын болон нийтийн эдэлбэр газрын ашиглалтын журмыг ажлын хэсгийн хүрээнд холбогдох 12 байгууллагаас саналыг авч тусган, 6 бүлэг 65 заалттайгаар боловсруулаад байна” гэв.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим хэмжээний тухай” А/388 дугаар захирамжийн хүрээнд гараж буулгасан газруудыг судалж, бүртгэсэн байршлуудыг иргэн ААН-ийн эзэмшилд олгохгүй байхаар шийдвэрлэж, нийтийн эдэлбэр газарт бүртгэж байгаа талаар албаны хүмүүс мэдээллээ.

Товчхон:

  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк орон нутгийн өмчит хаалттай хувьцаат компани байгуулах саналыг хэлэлцлээ. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ТУЗ 9 гишүүнтэй байх бөгөөд 4 нь хараат бус гишүүн байх юм. Уг газрыг ХХК болгосноор эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах давуу талтай аж.
  • Шагналын тоо хэмжээ, мөнгөн дүнг бууруулж, хязгаар тогтоохыг дүүргийн засаг дарга нарт үүрэг болгож,  ижил утга агуулга бүхий шагналуудыг цэгцлэх журмын төсөл боловсруулжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *