“Үндэсний хиймэл дагуул ба түүний хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, хиймэл дагуулын хэрэглээг нутагшуулах хэрэгцээ шаардлагын талаар сансрын холбоо, тандан судалгааны хиймэл дагуулын хэрэглэгч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, судлаач, эрдэмтдийн оролцсон хэлэлцүүлгийг 2024 оны 10 сарын 24-ний өдөр ШУТИС-ийн төв байранд зохион байгуулав.
ШУА-н Ерөнхийлөгч, академич С. Дэмбэрэл, ХХЗХ-ний ажлын албаны дарга А. Лувсан-Очир нар хэлэлцүүлгийг эхлүүлж хөтөлбөрийн дагуу “Монгол улсад сансар судлал, сансрын техник технологийн хөгжил”, “Үндэсний аюулгүй байдал ба бие даасан мэдээлэл холбооны дэд бүтэц” зэрэг үндсэн илтгэлүүд хэлэлцэгдлээ.
Мөн “Сансрын холбооны технологийн чиг хандлага, Монгол Улс харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөж ашиглах шаардлага”, “Зайнаас тандан судлалын хиймэл дагуул, түүний хэрэгцээ шаардлага” зэрэг сэдэвчилсэн илтгэлүүд тавигдаж оролцогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулав.
Хэлэлцүүлгээс Сансрын бодлогын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, нэгдсэн бодлого, чиглэлээ тодорхойлох шаардлагатай байгаа талаар зөвлөмж гаргалаа.