“Алтай хотхон, Нарны хороолол орчимд нөхцөл байдал хүндэрсэн. Дунд голын усны түвшин нэмэгдээд байна”
АСЕМ Вилла хотхон орчим, мөн Нарны хорооллын Дунд голд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан ажиллалаа.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг “Туул голын орчим буюу АСЕМ Вилла хотхоны ойролцоо нийтийн эзэмшлийн жорлон байдаг. Гол үерлэснээр энэ хэсэг рүү ус бага зэрэг хальсан байсан. Тиймээс манай байгууллагын 20 гаруй албан хаагч гурван хово, дөрвөн жижиг машинтай шөнө ажиллаж, жорлон руу ус орохоос сэргийлэн шороо дэвслээ.
Одоо усыг боох далан босгох арга хэмжээ авч байна. Түүнчлэн нөхцөл байдал хүндэрсэн байршлууд дээр ашиглаж буй шороог Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын албан хаагчид 24 цагаар ковштой ажиллаж Нарангийн энгэр, Цагаан даваанаас ачуулж байна. Зам талбайн үйлчлэгч нар хуваарийн дагуу үүргээ гүйцэтгэсээр байна” хэмээсэн юм.
Баянгол дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн “Манай дүүрэгт нөхцөл байдал хүндэрсэн хоёр байршил бий. Нэг нь “Алтай” хотхоны урд хэсэг байсан, тэнд холбогдох албаныхан ажиллаж, шаардлагатай арга хэмжээг аваад байна. Нөгөө нь Нарны хороололд гарааш руу ус орж хүндрэл учирсан. Бид гараашаас машинуудыг гаргаад усыг шавхлаа. Дүүргийн хувьд ерөнхийдөө нөхцөл байдал хяналтад байна гэж хэлж болно.
Өнөөдрийн байдлаар Дунд голын усны түвшин дөрвөн см нэмэгдсэн байна. Тиймээс дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт үйлчилгээний хэлтэс зэрэг байгууллагуудын 80 орчим хүн бэлэн байдлыг хангаж ажилласан” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар “Нөхцөл байдал хүндэрч байгаа найман байршил бий. Урд шөнийн байдлаар эдгээр байршилд болзошгүй эрсдэлээс сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажилласан. Шөнө орсон борооны улмаас Туул, Дунд голын усны түвшин нэмэгдсэн байна” хэмээв.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс