АНУ-ын Вашингтон хот дахь монголчууд наадмаа өргөн дэлгэр тэмдэглэжээ
АНУ-ын Вашингтон хот дахь Монголчуудын Үндэсний их баяр наадам 2023 оны долдугаар сарын 9-ний өдөр Виржиниа мужийн Фэйрфакс дүүргийн “Bull run Regional Park” цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа.
Үйл ажиллагааг Төрийн далбаа мандуулах ёслолоор эхэлсэн ба Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Цэргийн атташе, Хурандаа Э.Гансүх удирдав. Монгол Улсын Гавьяат тамирчин С.Миарагчаа, АНУ-ын Тэнгисийн цэргийн академийн сонсогч С.Санаасайн нар далбааг мандуулав.
Баяр наадмын үйл ажиллагаанд АНУ-ын Туслах Төрийн Нарийн Бичгийн даргын орлогч Марк Ламберт, Цагаан ордны ҮАБЗ-ийн Солонгосын хойг, Монголын асуудал хариуцсан захирал Эндрю Арвесет нар хүндэт зочноор уригдан оролцжээ.
Наадмыг Монгол Улсын Филармонийн найруулагч, СТА Б.Эрдэнэ-Оюун найруулжээ. Түүний урилгаар Буриад, Халимаг, Өвөр монгол 20 уран бүтээлч Нью-Йорк, Вашингтон хотуудаас оролцож, үндэсний дуу бүжгээрээ наадмын ёслолыг нээсэн байна.
Хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой чансаа өндөр 32 бөх зодоглож, шагай, сур харваа, хүүхдийн гүйлт, шагайгаар морь уралдуулах, гар барилдаан зэрэг уламжлалт болон орчин үеийн тэмцээнүүдийг хослуулан зохион байгуулсан аж.Тус наадамд Монгол, Америкийн 1800 гаруй иргэн оролцжээ.