“Амури-Оргил” ХХК-ийн зочид буудлын барилгын ажил БГД-ийн 33-р хорооны иргэдийн амь насанд ноцтой эрсдэл үүсгэлээ
Улаанбаатар хотод өчигдөр орсон борооны улмаас БГД-ийн 33-р хороонд шинээр баригдаж байгаа “Амури” зочид буудлын өргөтгөлийн барилгын ажлаас шалтгаалан урд талд нь байрлах 67-р орон сууцны барилгаас 10 метр хүрэхгүй газарт хөрсний нуранги үүсч барилгын компани яаралтай хашаагаа дахин сунгаж барьсан гэх асуудал үүсээд байна.
Иргэдийн мэдээллийн дагуу УИХ-ын гишүүн С.Одонтуяа, дүүргийн ИТХ төлөөлөгч Төмөрбаатар, НИХТ Д.Энхтуяа нар тухайн газар дээр очиж оршин суугчидтай уулзан нөхцөл байдалтай танилцжээ.
Барилгыг гүйцэтгэгч компани болох Ариунбулаг констракшн “Ямар ч аюулгүй бид холбогдох мэргэжлийн байгууллагуудаас дүгнэлт авсан” гэсэн тайлбар өгсөн боловч газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцахад эрсдэл өндөр байв. Тодруулбал, дахин бороо орвол барилгын талбайн ухсан нүх нурж, 67-р байрны иргэд амь насаараа хохирч болзошгүй байна.
Иймээс НОБГ-ын мэргэжлийн хүмүүс газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцахаар болжээ.