Б.Пүрэвдорж: Дарга загнах ажил хийж байхаар НӨАТ-ын хуулийг нэг талд гаргаач ээ!
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж айл өрхийн өдөр бүрийн орлого зарлагатай хамаатай хуулиа хэлэлцэхгүй томилгоо хэлэлцэж байгааг эсэргүүцлээ. Тэрээр эдийн засаг хүндэрсэн, иргэдийн орлого буурсан үед нэмэгдсэн өртгийн албан татварыг /НӨАТ/ 5 хувь болгох санал дэвшүүлсэн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Өнөөдөр үдээс өмнө нэг асуудал хэлэлцээд завсарлах юм байна. Бид цар тахлын үед шуурхай ажиллах ёстой. Тиймээс УИХ-ын дарга АН-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх хэрэгтэй байна. Миний өргөн барьсан хуурамч шатахууныг таслан зогсоох хуулийн төслийг хэлэлцээд нэг талд нь гаргаад өгөөч ээ. Ард түмэн хэцүү байна. Энэ үед нь хуурамч шатахуунаар машиныг нь эвдээд баймааргүй байна. Мэргэжилтнүүд, салбарынхан энэ асуудлыг олон жил ярьж байна шүү дээ.
Хоёрдугаарт НӨАТ-ын тухай хууль байна. Хүмүүсийн орлого багассан байна. Энэ үед энэ хуулийн төслийг хэлэлцэх хэрэгтэй байна. Өдөр тутам авч байгаа бүтээгдэхүүн дээрээ 10 хувийн нэмэгдэлтэй байгаа чинь л хүнд байна. 5 хувь болгох хэрэгтэй.
Та нарын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ чинь байндаа тусахгүй байна. Хэлэлцэх асуудал олон байхад томилгоо хэлэлцэж, хэн нэгэн даргыг авч ирж загнах л ажил хийхэд цагаа зарцуулж байна” гэсэн юм.