Шуурхай: Засгийн Газар иргэн бүрт 300.000 төгрөг олгоно
Засгийн Газар өнөөдөр /2021.04.08/ хуралдан дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн 25-ны өдөр хүртэл 15 хоногийн турш бүх нийтийн бэлэн байдлын улаан түвшинд шилжиж, хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлээд байна.
Оюу толгойн арбитрын шүүхэд үүсгэсэн маргаантай холбоотой татварын орлогоос энэхүү мөнгөний эх үүсвэрийг гаргахаар тооцжээ. Үндэсний статистикийн хорооны цахим хуудсанд мэдээлснээр Монгол Улс 3 сая 371 мянга, 140 иргэнтэй. Иргэн тус бүрд 300 мянган төгрөг олговол 1 их наяд 11 тэрбум төгрөг шаардлагатай юм байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сүүлийн сарын хугацаанд Оюу-Толгойгоос татварын маргаантай холбоотой мөнгөний эх үүсвэр 1 их наяд 26.5 тэрбум төгрөг орж ирсэн. Тиймээс үүнийг хөл хорионы үеэр иргэддээ зориулах нь зүйтэй гэж үзсэн. Хөл хорио тогтоогоогүй бол өөр зүйлд зориулах байсан” хэмээв.
Нэг иргэнд 300 мянган төгрөг гэдэг тооцоог татварын орлогыг иргэнийхээ тоонд хуваан гаргасан гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.