РОЙТЕРС: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НАСА агентлагаар зочилж, Илон Масктай уулзахаар төлөвлөжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харристай хэлэлцээ хийснийхээ дараагаар Их Британийн алдарт Ройтерс агентлагийн АНУ дахь сурвалжлагч Саймон Левист ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагынхаа үеэр юу ярьсныг орчуулан хүргэж байна.

Монгол Улс газрын ховор элемент олборлох чиглэлд АНУ-тай гүнзгий хамтран ажиллахаар болсон талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Вашингтон дахь айлчлалынхаа үеэр ярилаа. Монгол Улсын тухайд батлан хамгаалах салбарт ашигладаг техникийн олон хэрэгслийг үйлдвэрлэх, ажиллуулах, цахилгаан машины үйлдвэрлэлд маш чухалд тооцогддог зэс болоод газрын ховор элементний арвин нөөцтэй орон.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэд ерөнхийлөгч Камала Харристай иргэний нисэхийн салбарт томоохон шинэчлэл хийх хэлэлцээр байгуулжээ. Энэ тухайгаа “Зэснээс эхлээд маш чухал  эрдэс бодис, газрын ховор элементийг олборлох талаарх хамтын ажиллагааг  хэрхэн өргөжүүлэх талаар хэлэлцлээ. Бид АНУ-г газрын ховор элемент, эрдэс бодис олборлолтын салбар дахь Монголын маш чухал стратегийн гуравдагч хөрш хэмээн үздэг. Манай улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, АНУ-ын Төрийн департменттэй энэ оны зургадугаар сард харилцан ойлголцлолын санамж бичигт гарын үсэг зурсны дагуу энэ салбар дахь хамтын ажиллагаа гүнзгийрэх эхлэлээ тавьсан” гэж ярив.

АНУ болоод Монголын хөрш Хятадын тухайд ч аль аль нь дэлхийн газрын ховор элементийн арвин нөөцтэй орон. Тиймээс цаашид ч хөрш Хятад улстайгаа сайн харилцаатай байна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.

Мөн тэрбээр АНУ болоод Хятадын хооронд “Шинэ Хүйтэн дайн” болвол дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэдэгт ч санаа зовниж буй аж.

Энэ талаараа Л.Оюун-Эрдэнэ “Шинэ Хүйтэн дайн” анхны Хүйтэн дайнаасаа илүү хурцадмал байх вий гэхээс эмээж байна. Тодруулбал, техник технологийн асар хурдацтай өөрчлөлт, дэлхий нийтэд үүсээд буй уур амьсгалын өөрчлөлт гэсэн асуудлууд бидний гарагийг яаж өөрчлөх бол гэхээс айж байна. Эдгээр асуудлууд буюу “Шинэ Хүйтэн дайн”-ын нөхцөл байдал, үр дагаврыг бид даван туулж чадахгүй л болов уу. Тиймээс олон улсын эдийн засагт маш их сөргөөр нөлөөлөх дээр дурдсан хүчин зүйлсээс зайлсхийлж, илүү их хариуцлагатай байхын төлөө бүхнээ зориулан ажиллахыг уриалж байна” гэж ярилаа.

Мөн Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын сансар судлалын НАСА агентлагт айлчлалынхаа үеэр зочилж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзахаар төлөвлөжээ.

 АНУ бол Монголыг ардчилсан тогтолцоотой оршин тогтноход маш чухал чиглүүлэгч болж байгааг тэрбээр онцлоод ардчиллын үнэ цэнийг хэрхэн бэхжүүлэх талаар хэлэлцэх нь айлчлалын хамгийн чухал хэсэг гэдгийг тодотгов.

Монгол Улс Илон Маскийн Тесла компанитай цахилгаан машины салбар болон сансар судлалын салбарт хамтран ажиллаж, боломжит хөрөнгө оруулалтуудыг хийх талаар өмнө нь хэлэлцжээ. Тиймээс тэрбээр Калифорниа мужид очиж Илон Маск болон технологийн салбарын бусад удирдагчидтай уулзахаар төлөвлөжээ. Яг хэзээ уулзахаа одоогоор тодорхойлоогүй байгаа аж.

Энэ тухайгаа Л.Оюун-Эрдэнэ “Теслагийн гүйцэтгэх захирал Илон Масктай ярилцсан нэг сонирхолтой сэдэв нь Монголын говь Марс гаригтай их адилхан учир түүнийг манай Говьд ирж судалгаа хийгээрэй гэж урьсан явдал юм” гэж ярьжээ.

Ярилцлагыг бүрэн эхээр нь унших линк:https://www.reuters.com/world/mongolia-deepen-cooperation-with-us-rare-earths-pm-says-washington-visit-2023-08-03/

Эх сурвалж:Reuters

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *