Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар үүсэж хөгжсөний 102 жилийн ой тохиож байна
Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний түүхт 102 жилийн ойн “БАЯРЫН ХУРАЛ” зохион байгуулагдлаа.
Баярын хуралд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт хамт олны төлөөлөл болон УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, ЦХХХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар болон МУ-ын Гавьяат холбоочин, Хөдөлмөрийн баатар, Холбооны сайд асан Д.Готов, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар тэргүүтэй эрхмүүд оролцлоо.
Монгол Улсад орчин цагийн харилцаа, холбооны салбар үүсэж хөгжсөн түүх гэвэл Ардын хувьсгал ялсан 1921 оны долоодугаар сарын 11-ний өдрөөс 8 хоногийн дараа тухайн жилийн долоодугаар сарын 19-нд Ардын Засгийн газрын 6 дугаар хурлаар Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулснаар тулгын чулууг тавьжээ.
Улмаар 1944 онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Холбооны яам байгуулснаар харилцаа холбооны салбарыг төрийн бодлогоор хөгжүүлэх нөхцөл бүрдсэн байна. Түүнээс хойшхи хөгжлийн түүх гэвэл 1996 оны нэгдүгээр сарын 17-нд манай улсад анх удаа интернэт нэвтэрснийг албан ёсоор зарласнаар уг үйл ажиллагаагаар Азийн анхны 10 орны нэг болж байсныг ЦХХХ-ын сайд Н.Учрал өнөөдөр болсон Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 102 жилийн ой, Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдрийн ойн баяр хурал дээр онцлон дурдлаа.
Засгийн газар 1967 онд буюу өнөөдрөөс 56 жилийн өмнө Холбоочдын баярын өдрийг тэмдэглэх шийдвэр гаргасан түүхтэй. 56 жилийн туршид энэ өдөр мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтнууд баярын өдрөө хуран цуглаж, амжилт бүтээлээрээ бахархаж, алдаа оноогоо хэлэлцэж ирлээ.
Баярын хурлын үеэр МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон гардууллаа. Мөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнгөрсөн үед бүтээсэн бат бэх суурь дээр шинэ зууны их ололт амжилтын төлөөх зүг чигээ тодорхойллоо.