“Нүүдэлчин” дэлхийн соёлын наадам энэ сарын 18-20-нд болно
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд Налайх дүүрэгт “Тайж хайрханы бэл” хэмээх байгалийн үзэсгэлэнт газар зохион байгуулахаар гэж байна.
Уг наадмыг Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн хосгүй илэрхийлэл болсон соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, улс хоорондын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.
ЮНЕСКО-ийн 2003 онд батлагдсан “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенц”-ийн зарчим, үзэл баримтлалын дагуу 2018 онд “Нүүдэлчин Монгол-2018” соёлын биет бус өвийн их наадмыг Хүй долоон худагт анх удаа зохион байгуулсан билээ. Харин дараа нь “Нүүдэлчин Монгол – 2022” их наадмыг зохион байгуулсан.
Харин энэ удаа Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болгон өргөжүүлэн зохион байгуулж байгаа ажээ.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд зохион байгуулагдах бүхий л арга хэмжээний тухай болон нүүдэлчдийн соёл иргэншил, ёс заншил, соёлын өвийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн www.nomadsworldfestival.com цахим хуудаснаас хүлээн авна уу.