Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн “Эдийн засгийн форум”-д тавьсан илтгэлийн онцлох эшлэлүүд
Ардчилсан намаас зохион байгуулж буй баруун бүсийн “Эдийн засгийн форум” Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотноо зохион байгуулагдаж байна. Энэ үеэр Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр илтгэл тавилаа. Түүний илтгэлээс онцлох эшлэлийг хүргэе.
-Монголчууд хэцүү цаг үеийг даван туулж буцаж сэрээд 30 жилийн дараа өөрсдийгөө эрж хайж олсон нь эрх чөлөө, ардчиллын гайхамшиг юм. Ардчиллын партизанууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
-Ардчилсан хувьсгалын 35 жилийг удахгүй угтах гэж байгаа. Энэ гайхалтай Монгол орныг хүмүүн заяаны өлгий болгох тэр боломж тохиол ардчилал, эрх чөлөөний төлөө явдаг, эрх чөлөөг үнэн сэтгэлээсээ шүтдэг, биширдэг, хайрладаг тэр хүмүүсийн үйл хэрэг юм байна гэдэг нь харагдаж байна.
-Ардчилсан намын хувьд олон жилийн туршид ганцхан зүйл дээр хатуу байр суурьтай байгаа нь Монголын ард түмэн бол Монголын ирээдүй юм. Монголын ард түмний хөгжил дэвшил бол Монголын хөгжил дэвшил юм.
-Монголын ард түмний хөрөнгө чинээ бол Монголын хөрөнгө чинээ юм. Монгол хүн бүрийн боловсрол, ухаан гэдэг бол Монголын энэ өлгий нутагтаа эзэн байх хувь заяа юм гэж Ардчилсан намынхан 30 гаруй жилийн турш өөрсдийн хүсэл мөрөөдөл, эрмэлзэл болгож амьдралын утга учир болгож явж ирсэн.
-Монгол хүн бүрт эдийн засгийн эрх чөлөө олгох нь Ардчилсан намын ариун үүрэг юм.Бид энэ үзэл санаагаа байнга усалж байх хэрэгтэй. Бид энэ үзэл санаанаасаа хэзээ ч урваж болохгүй.
-Ардчилсан нам бол Монгол хүн бүрийн эрх, эрх чөлөө, хариуцлагыг эрхэмлэн дээдэлдэг хүмүүсийн нэгдэл юм. Бидний итгэл үнэмшил, хамгийн үнэтэй зүйл бол энэ. Үүнээс бид хэзээ ч хазайхгүй гэдгээ байнга нотолж, энэ тухай байнга ярьж байх ёстой. Энэ үнэт зүйл дээрээ суурилаад бид намын мөрийн хөтөлбөрөө гаргасан.
-Монголын ард түмэн бол Монголын ирээдүй гэдэгт итгэнээ гэдгээ бид зарлан тунхаглана. Монголчуудад бизнес хийх эрх чөлөөг хэрхэн бий болгохыг бид маш тодорхой мөрийн хөтөлбөртөө тусгана.
-Монголчууд үгээ хэлэх эрх чөлөөгөө эдэлнэ гэдгийг Ардчилсан намынхан маш тодорхой хэлж өгнө.
-Хүн бүрт байгаа нууц авьяас чадварыг гаргаж ирье гэж бид зорьж байгаа. Хүн бүрт боломж олгож, татварын дарамтыг багасгахад бид мөрийн хөтөлбөрөө чиглүүлнэ.
-Монгол Улсын Засгийн газар ардчиллын үед ямар байх ёстойг бид өнөөдөр ярилцаж шийдэх ёстой. Засгийн газар хүн бүрийн амьдралд оролцож, бүх зүйлийг зохицуулдаг биш стратегийн Засгийн газар байх ёстой. Хүн бүрт ажиллах боломж, орон зайг нь үлдээдэг Засгийн газрыг бид 2024 онд байгуулахын төлөө зүтгэнэ.