ЭМЯ: Өөр оношоор үзүүлэх болгонд 13А маягт шаарддаг байсан алдааг залруулсан
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн долоодугаар сарын 28-ны 8-р тогтоол энэ оны наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ тогтоолоор наймдугаар сарын 1-нээс эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхэд 13А маягт шаардах болсон нь өрхийн эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлсэн талаар бид сурвалжлан хүргэсэн.
Мөн 13А маягт авч, хоёр гурав дахь шатлалын нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд, дахин өөр эмчид үзүүлэх шаардлага гарвал 13А маягтыг дахин бичүүлэхийг шаардаж байгаа нь иргэдэд хүндрэл учруулж, эмч нарт бухимдлаа гаргах болсон байна. Энэ талаар ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэн тайлбар өгсөн юм.
Тэрбээр “Нэгдүгээр эмнэлэгт илгээсний дагуу зүрх судасны тасагт үзүүлсний дараа тархи, мэдрэлийн амбулаторид үзүүлэх шаардлагатай боллоо. Энэ тохиолдолд дахиж 13А маягт авах шаардлагагүй. Учир нь анх ирсэн онош дээр нэмж байгаа хавсарсан онош юм. Эмч нар үүнийг хавсарсан онош гэж үзэж, дараагийн эмч рүү явуулж болно. Эмнэлгүүдэд ийм тохиолдол гарсныг засаж залруулаад, эмч нарт тодорхой мэдээллүүдийг өгөөд явж байна” гэсэн юм.