А.Амарбаясгалан: Бид хууль зөрчөөгүй. 2007 оноос хойш дуудлага худалдаагаар 207 сая төгрөг төлж “Aqua garden”-ы газрыг авсан
Үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст орсон “Aqua garden” хорооллын хоёр блок, “S outlets”, мөн “Шунхлай” шатахуун түгээх станц зэрэг барилга, байгууламжуудыг албадан буулгахаар болоод байгаа билээ.
Уг асуудалтай холбоотойгоор “Aqua garden” хороололтой холбоотой баримтуудыг “Эм Энд ЖИ констракшн” компанийн захирал А.Амарбаясгалан танилцуулж, мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хотын Засаг дарга хоёр барилга нураана гэдэг асуудал ярьж байгаа. Хууль зөрчсөн эсэх талаар баримттайгаар тодорхой яръя.
Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд “Үндэсний алтан өргөө” орон сууцны цогцолборын ажлыг эхлүүлээч гэх саналыг 2007 онд манай компанид тавьсан. 2007 оноос хойш дуудлага худалдаагаар 207 сая төгрөг төлж авсан. Дүүргийн иргэдийн төлөөлөгчид хуралдаад “Эм Энд ЖИ констракшн” ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Улмаар НИТХ хуралдаад “Эм Энд ЖИ констракшн” компани Засгийн газрын 40 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд орон сууцны зориулалтаар газар олгоорой гэх шийдвэр гарсан. Үүний үндсэн анхны захирамж Нийслэлийн Засаг дарга асан Т.Билэгт гэдэг хүний гарын үсэгтэйгээр 2008 онд олгосон. Усан паркийн зориулалтаар газар аваад орон сууц барьж байгаа гэдэг асуудал огт биш гэдгийг баримтаар нотолж байна” гэв.