Он гарснаас хойш 14 цэцэрлэг, долоон сургууль ашиглалтад оржээ

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдлаа. Хуралдаанаар 2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин өглөө.

Тэрбээр “Энэ хичээлийн жил нийслэлийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн нийт 667 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр цэцэрлэгт 142798 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 15147 багш, ажилтнууд ажиллана. Цэцэрлэгийн бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд 116337 хүүхэд цахимаар бүртгүүлжээ. Удахгүй хоёрдугаар шатны бүртгэлийг хийж, баталгаажуулна. Харин ерөнхий боловсролын 307 сургуульд 384676 хүүхэд суралцана. Үүнд нийт 23372 багш,  ажилтан ажиллах юм.  Одоогоор нэгдүгээр ангид 38356 хүүхэд цахимаар бүртгүүлж, элсэн суралцах хүсэлт гаргаад байна” гэв.

2023 он гарснаас хойш нийслэлд 14 цэцэрлэг, долоон сургууль, хоёр бага сургууль ашиглалтад оржээ. Мөн цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 122 обьектыг түрээсэлж, хүртээмжийг  нэмэгдүүлж ажилласан байна.Харин төр болон хувийн хэвшлийн сургуулийн хэмжээнд нийт 288 сурагчийн автобус үйлчилгээнд явна. Үүний 50 автобус  нь  улсын сургуулийнх юм.  Түүнээс гадна сурагчийн үдийн хоол үйлдвэрлэлийн тухайд 60 сургууль  өөрийн гал тогоотой. Харин 90 сургууль түрээсээр дээрх үйлчилгээг сурагчдад үзүүлнэ.

 Энэ жил дахин 28 сургуулийг бие даасан гал тогоотой болгохоор  ажиллаж буйг Нийслэлийн боловсролын газрын дарга хэллээ. Мөн замын ачаалал ихтэй хэсгүүдэд 58 сургуульд хичээл эхлэх, дуусах цагийн  зохицуулалт хийхээр төлөвлөсөн байна.

Харьяа газрын мэдээлэлтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид сургалтын чанар, агуулгад анхаарах, хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах, үдийн хоолны үнийн дүнг нэмэгдүүлэх, сургуулийн барилгын ажлыг хугацаанд нь дуусгаж ашиглалтад оруулах, шинээр ашиглалтад орж буй сургуулиудын бодит нөхцөл байдалтай танилцах,  сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй орчинг бүрдүүлэх зэрэг асуудлыг анхаарч ажиллах талаар саналаа хэллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *