Л.Энх-Амгалан: Нэг ангид 50-60 хүүхэд суралцаж байгаагийн үндсэн шалтгааныг бид тогтоосон
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, Боловсролын багц хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав.
Тэрбээр “Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн 68 сургууль бий. Тухайн сургуулиудад 50 мянга гаруй хүүхдийн асуудал байгаа. Үүнээс Улаанбаатар хотод 47 сургуульд 33000 хүүхдийн асуудал байна. Яагаад нэг ангид 50-60 хүүхэд хичээллэх нөхцөл байдал үүссэн бэ? Шалтгаан нь юу байв гэдгийг олж тогтоох ажлыг бид эхлээд хийсэн. Гурван үндсэн шалтгаан байсан гэж бид тогтоосон.Нэгдүгээрт, 70,000 хүүхэд нэгдүгээр ангид ороход 30,000 хүүхэд 12 дугаар анги төгсөж байгаа. Жил бүр 35,000-40,000 хүүхдийн зөрүү гарч байгаа болохоор дунд, ахлах ангид тодорхой ачаалал үүсэж байна. Тиймээс шинэ хичээлийн байр, анги танхимын хэрэгцээ шаардлага үүсэж байгаа юм.Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын оновчгүй төлөвлөлт их хийдэг. Газаргүй, зураггүй сургуулийн хөрөнгө оруулалтыг төлөвлөж байгаагаас болж сургууль, цэцэрлэгүүд олон жил ашиглалтад орохгүй хүлээгдэж байна. Гуравдугаарт, хот төлөвлөлтийн алдааг нэрлэж байна. Анхны төлөвлөж байснаараа ажлаа хийдгүйгээс үүдэн сургууль, цэцэрлэггүй олон хороолол бий болж байна. Энэ талаар Засгийн газраас богино, дунд, урт хугацаанд бодлогын ямар арга хэмжээ авах талаар баримт бичгүүд гаргаж байна. Энэ ондоо багтаан хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх шийдвэр гарсан. Барилгын ажил нь удааширсан 74 сургууль, цэцэрлэгийн ажлыг эрчимжүүлнэ” гэв.