С.Энхболд: 300.000 тун вакцин ирэх байсан боловч хойшлогдсон
Коронавируст халдварын эсрэг вакцины нийлүүлэлт хойшилсон гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.
Тэрбээр “Өнөөдрөөс 15 хоногийн хугацаатай хатуу хөл хорионы дэглэмд шилсэн. Энэ хугацаанд вакцинжуулалтыг түр хугацаанд хойшлуулсан.
Учир нь дөрөвдүгээр сарын 10, 12-нд тус бүр 300 мянган тун коронавирусийн эсрэг вакцин манай улсад ирэх байсан боловч хойшилсон. Энэ биднээс шалтгаалаагүй. Дэлхий нийтээр вакцин хомстсон энэ үед манай улс вакцин үйлдвэрлэгч орон биш гэх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас вакцины тээвэрлэлт хойшилсон юм.
Анх Синофарм үйлдвэрийн вакцины тун хоорондын зай 28 хоног байна гэх зөвлөмжийг өгсөн тул энэ хугацаанд вакциныхаа хоёр дахь тунг хийлгэх болсон иргэн олон бий.
Үүнтэй холбоотойгоор бид Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины талаарх албан ёсны мэдээллийг БНХАУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс авсан.
Ингэхэд Синофарм вакцины Вероселл вакцины хоёр дахь тунг 21-56 хоногийн дотор хийхэд дархлаа тогтцод өөрчлөлт гарахгүй гэж мэдээлсэн” гэв.