ХБНГУ дах Монголын аялал жуулчлалын элч С.Бадамхандын “CV”

Дэлхийн шинэ хөгжим, монголын ардын урлагийн хослолыг байгаль дээр аялан тоглодог, олон улсын аяллын GEO сэтгүүлээс дэлхийн соёлын шилдэг 50 аяллын нэгээр нэрлэгдсэн  “Туурайн Төвөргөөн” Олон улсын хөгжим, соёл, аялал жуулчлалын их наадмыг хамтран үүсгэн байгуулж, 24 жилийн турш дэлхийн 60 орны 1500 гаруй уран бүтээлчид, сэтгүүлчид, аялагчдыг Монголд зочлуулж Монголын соёлын аялал жуулчлалын хөгжилд хувь нэмэр оруулж ирсэн тул С.Бадамхандыг ХБНГУ дах Монголын аялал жуулчлалын элчээр томиллоо.

Тэрээр Монгол орны соёл урлаг, нүүдэлчин ахуй зан заншил, аялал жуулчлалын талаар 50 гаруй эрдэм шинжилгээний хурал, олон улсын Говийн зуны академийг 24 жилийн турш Монголд болон олон улсад амжилттай зохион байгуулж Монгол орны талаар мэдээллийг өгч ирсэн.Мөн түүний  ээж  ЮНЕСКО- гийн  өргөмжлөлт, Алтай  нутгийн  уртын  дууг уугуул аялгуугаар  өвлөн яваа цөөн тооны ахмад дуучны нэг Монгол Улсын  Соёлын Тэргүүний  ажилтан Г.Лхүндэв юм.

Ээжээсээ өвлөсөн баруун нутгийн бэсрэг болон  айзам уртын  дууг эгч дүүсийн “Монголын 3 хатад” хамтлагаараа дуулан 20 гаруй улсад уригдан дуулж, Монголын ардын урлагийн нэрт төлөөлөгчдийн тоглолтыг 1998 оноос хойш тасралтгүй гадаадын орнуудад зохион байгуулж, эх орноо сурталчилж байгаа юм.

1999 онд ХБНГУ-ын Фрайбург хотноо Европ дахь Монголын анхны “Соёлын Төв-Монгол Төв” НҮТББ үүсгэн байгуулалцаж, тус төвийн тэргүүнээр ажиллаж Монголын соёл, урлаг, аялал жуулчлал, хүмүүнлэгийн олон арван төсөл хөтөлбөрүүдийг ХБНГУ, Европт хэрэгжүүлсэн.

2015 онд Монгол орон түнш орноор оролцсон ХБНГУ-ын Берлин ITB аялал жуулчлалын үзэсгэлэнд Германы GIZ байгууллагын хүсэлтээр Монгол орныг сурталчлах соёл урлагийн хөтөлбөрийн зарим хэсгийг Фрайбург хотын Монгол төв хариуцан ажилласан.

Монгол орон түнш орноор оролцсон аялал жуулчлалын гурван үзэсгэлэнд ХБНГУ-ын Лайпциг хотод 2022 оны арваннэгдүгээр сард, Штуттгарт хотод 2023 оны нэгдүгээр сард, Хамбург хотод 2023 оны хоёрдугаар сард Монгол орныг сурталчилсан урлаг соёлын арга хэмжээг Монгол Улсын Соёлын Элч С.Бадамхоролын хамтаар санхүүжүүлж Монгол ардын уртын дуу, хөөмий, морин хуур, эрийн гурван наадмаар сэдэвчилсэн арга хэмжээг зохион байгуулж, БОАЖЯ-наас гаргасан Монгол орны ерөнхий сурталчилгааг тараан бодитоор гурван үзэсгэлэнд 500 мянган хүнд, хэвлэл мэдээллээр зургаан сая хүнд хүргэн гурван үзэсгэлэнд ажилласан зэрэг түүний аялал жуулчлалын хөгжилд оруулж буй хувь нэмрийг онцолж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *