Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгчтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсад болох Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцохоор тус улсад очжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хавана хотын “Хосе Марти” олон улсын нисэх онгоцны буудалд  Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал, Бүгд Найрамдах Куба Улсын Сангийн сайд Владимир Рэгейро нар угтан авав.

БНКУ-ын Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэхдээ Латин Америкийн орнуудаас анх удаа Куба Улстай дипломат харилцаа тогтоосныг хэлээд, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр тус улсын Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудезтай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Куба Улс 77-гийн бүлгийг 2023 онд даргалж, шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлаарх дээд түвшний уулзалтыг зохион байгуулж буйд баяр хүргэв.

Куба Улсын Засгийн газар олон жилийн турш монголын оюутан залууст олгож ирсэн тэтгэлгийг цаашид нэмэгдүүлэхээр болсныг Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудез хэлэв.

Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа анагаах ухаан, биотехнологи, соёл, боловсрол, хөдөө аж ахуй, биологийн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн, биеийн тамир, спорт зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар ярилцав.

Тус улсын Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудез Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлах урилгыг талархан хүлээн авч, 2024 онд айлчилна гэдгээ илэрхийлэв.

Монгол Улс, БНКУ 1960 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Уламжлалт, найрсаг харилцаатай. Монголын талаас 1972 онд Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, засгийн дээд хэмжээний төлөөлөгчид,  Кубын талаас 1970 онд нам, засгийн удирдагч Раул Кастро нар харилцан айлчилсан түүхтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Куба Улсад суралцдаг оюутнуудтай уулзав

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцохоор Бүгд Найрамдах Куба Улсад хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсад суралцаж байгаа монгол оюутнуудтай уулзав.

Өндөр боловсрол эзэмшин, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө эрдэм номд хичээнгүйлэн суралцахыг Ерөнхийлөгч оюутан залууст захиж, Монгол Улсын Засгийн газраас амьжиргааны зардлын хэмжээг энэ хичээлийн жилээс нэмж олгох болсныг хэлэв.

2023 оны байдлаар БНКУ-д 15 монгол иргэн ажиллаж, суралцаж байгаагийн 11 нь оюутан юм. Тэдгээрийн нэг нь “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр, бусад нь Засгийн газар хоорондын гэрээгээр сурч байна.

2022-2023 оны хичээлийн жилд Кубын Засгийн газраас анагаах ухааны чиглэлээр хоёр, эдийн засгийн чиглэлээр нэг оюутан суралцах хуваарь олгожээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *