ХХҮЕГ: Япон Улсын Шизүока мужийн Засаг Даргын Тамгын Газрын албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа
Япон Улсын Шизүока мужийн Засаг Даргын Тамгын Газрын Эрүүл мэнд, асрахуйн газрын дарга Яги Тошихиро тэргүүтэй Гадаад харилцааны албаны дарга Ёкочи Масүми, Гадаад харилцааны хэлтсийн дарга Мизүно Юүко, Гадаад харилцааны зөвлөх Сүгимура Эрдэнэхатан, Асрахуй, эрүүл мэндийн хэлтсийн дарга Като Кацүтоши нарыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Т.Бадрахбаяр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Эрүүл мэнд, асрахуйн газрын дарга Яги Тошихиро, Япон Улсад асрахуйн салбарт Тусгай ур чадвартай ажилтан хүлээн авах, энэхүү салбараар Монголын хүний нөөцийг сургаж бэлтгэх, практикт чиглэсэн удирдлагын түвшний богино хугацааны сургалтыг Япон Улсад үе шаттай зохион байгуулах, асаргаа болон инженерчлэлийн салбараар ойрын хугацаанд Монгол Улсад уулзалт, өдөрлөг зохион байгуулах, асрахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай танилцуулах боломжийн талаар судалж буй талаар мэдээлэл солилцож, цаашид харилцан бие биенээ дэмжиж, хамтран ажиллахаар талууд харилцан тохиролцов.
Тус ерөнхий газрын дарга Т.Бадрахбаяр хэлэхдээ, Монгол Улсын хувьд ажиллах хүчнийг олноор гадаад улсад ажиллуулахаас илүүтэй хүний нөөцийг сургах, хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжиж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн гадаадад ажиллах хүч илгээх асуудлыг олон нийтэд зөв ойлгуулах, нийгмийн хандлагыг өөрчлөхөд бидний хамтран зохион байгуулах арга хэмжээний үр дүн эерэгээр нөлөөлөх учиртай. Манай улсын хувьд ч бодлогын түвшинд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон иргэнд зориулсан асаргааны төвүүдийг бий болгож буй хэдий ч бэлтгэгдсэн хүний нөөц ховор байгаа нь тулгамдсан асуудал болоод байгааг онцоллоо.
Уулзалтын төгсгөлд Японы талаас дараах саналыг уламжилсан нь маш чухал байсан юм. Япон Улсад ажиллаж хөдөлмөрлөж буй монгол иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг туслалцааг тухай бүр хүртээмжтэй үзүүлэхэд тус мужийн 16 дүүргийн төрийн байгууллагад албан ёсны харьяалалтай 145 монгол ажилтан ажилладаг. Тэдгээрийг Монгол Улсын төрийн байгууллагын зүгээс ухаалаг, оновчтой чиглүүлэн ашиглах арга зам байгааг дурьдав.