Хэт хожимдохоос өмнө амжиж хамгаалъя хайртай ҮРСЭЭ
Харамсмаар ч гэлээ сүүлийн хэдэн өдрүүд өглөө бүр хар бараан мэдээллээр угтаж байна. Хоёр охин зам гарч яваад машинд дайруулж, хоёр балчир охин цоожтой гэртээ амьсгал хураав. Хүүхдээ том болчихсон гээд өөрсдөд нь найдаж, хоёр биенээр нь харуулж үлдээсний горыг бид амсаж байна. Хэдэн настай байх, хэр томорсон гэдгээс үл шалтгаалж хүүхэд л бол хүүхэд шүү дээ...
Өчигдөр буюу аравдугаар сарын 2-ны өдрийн 19 цагийн орчим бага насны охид гэрийнхээ цонхоор унаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн наймдугаар хороо “Харуул алтай” хотхоны … байрны 9 давхарт амьдардаг 5, 7 настай эгч дүү хоёр цонхоор хөл алдан унаж, амь насаа алдсан гэх.
Хүүхдүүд тухайн үед гэртээ харгалзах хүнгүй, гаднаасаа цоожтой байсан аж. Тус харамсалтай хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэрэг бүртгэн нээн шалгаж эхлээд байна. Энэ харамсалтай явдлаас өмнө хэдхэн өдрийн өмнө хойд эцэгтэйгээ мотоциклоор сундалж явсан долоон настай хүү амиа алдсан. Мөн л шалгалтын ажиллагаа үргэлжилж буй.
30 гаруйхан насны эхтэйгээ хамт унтаж байсан гурван хүүхэд эхийн хамт угаартаж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.
Эдгээр харамсмаар хэргүүдэд ижил шинж байгаа нь ердөө л томчуудын хариуцлагагүй байдал. Мэдээж хэн ч харамсмаар явдлыг урьдаас зөгнөж чадахгүй ч, аймшигтай явдлаас сэргийлж чадах байсан шүү дээ. Үр хүүхдээ алдсан эх, эцгийн сэтгэл санаа урагдаж, үгээр илэрхийлэмгүй байгаа. Гэвч энэ харамсалтай явдал олон үрсэд урьдаас ирж болох олон аюулыг хаагаасай. Төрүүлсэн үрсээ өөрсдөд нь найдах бус, илүү хариуцлагатай том хүн байж, бяцхан зүрхнүүдийг хамгаалъя. Хэт хожимдохоос нь өмнө амжиж хамгаалья хайртай үрсээ.
О.ЦОЛМОН