УИХ, Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хуралтай хамтарч ажиллаад 10 жил болж байна
ОХУ бол бидний мөнхийн хөрш, олон жилийн гүн гүнзгий харилцааг юугаар ч баллуурдаж үл болно. Дэлхий нийтийн геополитекийн өөрчлөлтөд улс орнуудын харилцаа, хамтын ажиллагаа хувирч, өөрчлөгдөж байна. Харин Монгол Улс, ОХУ-ын хоорондын харилцан хамтын ажиллагаа бэхжиж, стратегийн түншлэл улам хөгжих ёстой юм. БНХАУ-тай ч мөн ялгаагүй. Гадаад ертөнцөд хүйтэрсэн уур амьсгал, дотоод талдаа илүү дулаан байхыг биднээс шаардаж байгааг хүн бүр ойлгох ёстой хэмээн УИХ-ын дарга чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ онцолсныг сануулахыг хүслээ. Манай парламент ОХУ-ын Холбооны хурлын хамтарсан комиссыг өнгөрсөн зургаадугаар сард байгуулсан. Ийм комисс олон улс орнуудад бий. Ази, европын ихэнх улсын парламентууд хамтын ажиллагааны комиссыг байгуулан ажиллаж байна. Тиймээс Монголын парламент анх удаа Оросын парламенттай комисс байгуулчихаад, арга эвэнд нь орчихлоо гэж хардаж, бас улс төржүүлэн дэвэргээд хэрэггүй биз дээ. Тэр байтугай одоогоос 10 жилийн өмнө буюу 2014 онд манай УИХ, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал хоорондын байнгын уулзалтын механизмын санамж бичгийг байгуулсан түүх байна. Бүүр цаашилбал, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Ши Зиньпинтай тохиролцсоны дараа тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал хоорондын байнгын уулзалтын механизмыг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. Ингээд 2015 онд анхны, 2018 онд хоёрдахь, 2020 онд гуравдахь, 2021 онд 4 дэх уулзалтуудыг тус тус зохион байгуулж иржээ. Ирэх онд дараагийн уулзалт товлогдож байгаа бололтой. Харин ч хойд хөрш ОХУ-ын Холбооны Хуралтай нэлээн хожуу буюу энэ оны 6 дугаар сард Хамтын ажиллагааны комиссыг байгуулж байгаа нь энэ ажээ.
Гэхдээ бас манай УИХ хоёр хөрш гүрнээс гадна Европын парламенттай зөвлөлдөх уулзалтыг хийж ирсэн. Энэ оны 10 дугаар сарын сүүлээр ээлжит 16 дугаар уулзалт товлогдож байна. Тэгвэл Европынхон Монгол Улсын Их хурлаар дамжуулан манай дотоод асуудалд оролцох нь гэж хийрхэх хэрэг үү.
Гагцхүү хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны нэршил нь механизм, комисс, зөвлөлдөх уулзалт гэх зэргээр өөр боловч зорилго, үйл ажиллагаа нь агаар нэг юм. Харин сүүлийн жилүүдэд улс орнуудын парламентын төвшний харилцаа шинэ төвшинд гарч, улмаар хууль тогтоох байгууллагуудын харилцааг чухалчлах болжээ. Яагаад вэ?
Ерөнхийлөгч, Засгийн газрын төвшингийн хамтын ажиллагаа нь заавал хууль тогтоогч парламентаар баталгаажиж, урагшилдаг. Харин парламент, парламент хоорондын яриа хэлэлцээрт ямар нэгэн дамжлага байхгүй богино хугацаанд шийдвэр гарч, ажил хэрэг болдгоороо давуу талтай юм.