Ч.Өнөржаргал: НӨАТ-ын урамшууллыг нэмснээр иргэдийн амьдралд төдийлөн нэмэртэй биш, төсөвт их ачаалал ирнэ
НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувиас таван хувь болгож нэмэгдүүлэх талаар иргэдийн саналыг УИХ цахим системээр дамжуулан авч эхэлсэн. Үүнтэй холбогдуулан СЭЗИС-ийн багш Ч.Өнөржаргалын байр суурийг хүргэж байна.
Нэгдүгээрт, НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг таван хувь болгоход 600-700 тэрбум төгрөг шаардлагатай болно. Гэтэл энэ нь иргэд төдийлөн хэрэгтэй зүйлдээ зарцуулж амьдралд хэрэг болохуйц зүйл, асуудал шийдвэрлэж чадахгүй учир үүнийг төсвийн үргүй зардал гэж харж байна. Тухайлбал, улиралд 50 мянган төгрөгийн урамшуулал авдаг хүний урамшуулал нэмэгдлээ гэхэд 125 мянган төгрөг болно. Зөрүү 75 мянган төгрөг сард 25 мянган төгрөг хүмүүсийн амьдралд тийм ч чухал нөлөө үзүүлж чадахгүй. Эсрэгээрээ иргэдийн үр ашиггүй хэрэглээнд зарцуулах мөнгө нийт эдийн засагт нэмэгдэнэ. НӨАТ-д зарцуулсан төсвийн 600 тэрбумыг дахин ямар эх үүсвэрээс бүрдүүлэх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тиймээс үүнийг буруу шийдвэр гэж бодож байна.
Хоёрдугаарт, НӨАТ бол татвар биш урамшуулал, хяналтын систем гэж зарим хүн тайлбарлаж байна. Гэвч НӨАТ-ыг нийлүүлэлтийн гинжин хэлхээний үе шат бүрд ногдуулдаг эцсийн хэрэглэгчийн төлдөг татвар мөн гэсэн онолын тодорхойлолт бий. Ер нь бол төлсөн албан татварыг илүү төлснөөс, чөлөөлөгдөх ёстой болон 0 хувь хэмжээгээр ногдуулах ёстой байсан татварыг төлөн бол буцааж авна уу гэхээс бусад тохиолдолд татварыг буцааж авна гэсэн ойлголт байдаггүй.
Мөн хоёр хувийн буцаан олголт гээд байгаа зохицуулалт бол буцаан олголт биш. Баримтаа бүртгүүлснээр Татварын албаны татвараа цуглуулах ажилд тусалж татварын агентын үүрэг гүйцэтгэснийх нь төлөө иргэдэд өгч байгаа урамшуулал юм. Үүнийг таны төлж байгаа татварыг буцаан олгож байна гэж буруу тайлбараад, нийгэмд ташаа ойлголт үүсгэчихлээ. Хуулиндаа ч худалдан авсан барааны үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал гэж заасан байдаг.
Гуравдугаарт, НӨАТ бол бүх татварын суурь, татварын системийг эрүүлжүүлэх механизм бөгөөд татварын орлогын 25-30 хувийг бүрдүүлдэг хэрэглээний буюу шууд бус албан татвар юм. Тиймээс НӨАТ-ын тогтолцоог гажуудуулах юм бол татварын системээ тэр чигт нь гажуудуулах эрсдэлтэй учир тогтвортой байдал хамгаас чухал.
Үндсэн хуулийн 25.1-т төсөв өргөн барьсаны дараа төсвийн орлого зарлагыг нэмэгдүүлсэн өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заалт бий. Үүнийг зөрчөөд байна. Дөрөвдүгээрт, асуулт нь утгагүй, санал хураалтын томьёолол нь буруу. Таньд олгоод байгаа мөнгийг нэмэгдүүлье гэхээр ямар ч хүн эсэргүүцэхгүй, бүгд дэмжих нь тодорхой зүйл дээр нийгмийн сэтгэлзүйг тогтворгүй болгож дуулиан дэгдээх нь зохимжгүй юм.