НӨАТ-ын тухай 5 баримт
. Төсвийн орлогын бүрдүүлдэг, хамгийн тогтвортой татвар юм. Анх Франц Улсад анх нэвтэрсэн энэ татвар нь өдгөө дэлхий 176 оронд хэрэгжиж байна. Унгар Улс 27% буюу хамгийн өндөр НӨАТ-тай бол дэлхийн дундаж 15,5% байдаг. Монгол Улсын хувьд 10% -иасаа 2%-ийг урамшуулал хэлбэрээр буцаан олгосноор 8%-тай байдаг. Манай улсад 1998 оноос 13% -аар энэ татварыг хурааж эхэлсэн бөгөөд 2007 онд 10% болгон бууруулсан. Урамшууллын тогтолцоог 2016 оноос нэвтрүүлсэн.
Иргэд НӨАТ-аа буцааж авдаггүй. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь албан татварын нэг төрөл бөгөөд Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5.””албан татвар” гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ” гэж заасан байдаг. Харин 2016 оноос далд эдийн засгийг бууруулах, НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор хоёр төрлийн урамшууллыг бий болгосон. Түүний нэг нь НӨАТ төлөгчөөс худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа бүртгүүлж, 2%-тай тэнцэх урамшуулал авдаг.
. Талх, сүү зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн НӨАТ-аас чөлөөлөгдсөн байдаг тул урамшууллын буцаан олголт бодогддоггүй. Хуулиар тодорхой бараа, ажил үйлчилгээг бодлогоор дэмжих зорилгоор НӨАТ-аас чөлөөлсөн байдаг. Одоогоо 28 төрлийн бараа, 19 төрлийн үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлжээ. Жишээ нь эмнэлэгийн үйлчилгээ НӨАТ-аас чөлөөлөгдсөн байдаг. Эдгээр татвар төлөгчдөөс иргэд сугалааны дугаартай төлбөрийн баримтаа авч сугалаанд оролцох боломжтой.
. НӨАТ-ын урамшууллын буцаан олголт авдаг иргэдийн 69% нь улиралд дундажаар 50,000 төгрөгийн буцаан олголт авдаг бол 21% нь 50-100 мянган төгрөг, 11% нь 100 -500 мянган төгрөг, 0.6% нь 500 мянгаас 2 сая төгрөг, 0.2% нь 2 саяас дээш төгрөгийн буцаан олголтыг авдаг. Харин буцаан олголтод зарцуулж байгаа нийт мөнгөний 52% нь 100 мянган төгрөөс дээш урамшуулал авдаг нийт иргэн буюу 12% -д очдог.
. Иргэн, ААН орлого олоод орлогын татвар, хөрөнгө эзэмшдэг бол хөрөнгийн татвар, хэрэглээний татвар буюу НӨАТ-аас гадна архи, тамхины хэрэглээндээ Онцгой албан татвар төлдөг. Хэрэглээний татвар нь иргэн хэдий чинээ хэрэглэнэ төдий чинээ өндөр ногддог гэсэн үг. Тиймээс өндөр хэрэглээтэй иргэн илүү их татвар төлдөг нь татварын зохицуулах, нийгмийн баялагийг дахин хуваарилах давхар ач холбогдолтой байдаг.