E Mongolia иргэнд мэдэгдэл хүргэх системийг нэвтрүүлж байна
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас иргэнд мэдэгдэл хүргэх системийг боловсруулжээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар энэхүү системийг танилцууллаа.
Иргэнд мэдэгдэл хүргэх систем ашиглалтад орсноор иргэн өөрийн мэдээлэлд ямар байгууллагаас, хэзээ хандсаныг мэдэх, хянах боломжтой ажээ.
Л.ЭНХ-АМГАЛАН: -“Иргэнд мэдэгдэл хүргэх систем бол төр иргэний мэдээллийг ашигласан бол тухайн иргэнд мэдэгдэл очдог, иргэнээс зөвшөөрөл авдаг болж байна гэсэн үг. Хувь хүнээс зөвшөөрөл авалгүй мэдээллийг нь ашигладаг үйлдэлд өнөөдөр цэг тавьж байна.”
Б.БОЛОР-ЭРДЭНЭ: -“Миний ямар мэдээлэл төрд, хувийн хэвшилд байна вэ гэдгийг иргэн мэдэх, өмчлөх бүрэн эрхтэй. Тийм учраас иргэнд мэдэгдэл хүргэх системийг нэвтрүүлж байна. Мэдэгдлийг “E-Mongolia”-гоор дамжуулан хүргэнэ. Тиймээс иргэд “E-Mongolia” аппликейшнаа шинэчлэн татсанаар энэхүү системийг ашиглах боломжтой. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай багц хуульд мэдээлэл хариуцаж байгаа байгууллагад шийтгэл оногдуулах, мэдээлэл алдсан ажилтанд 5-10 жилийн хорих ял оноох заалт орсон. Иргэд дэлгүүр, гоо сайхны салон гэх мэт маш олон газар өөрийн дахин давтагдашгүй өгөгдөл, хурууны хээг үлдээсэн байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажлын хэсэг гарч энэ мэдээллийг устгах ажлыг тавдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөөд байна.” гэлээ