С.Амарсайхан: Гал түймрийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье

Өнөөдөр өглөө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны барилгад гарсан гал түймрийн улмаас долоон хүн, тэр дундаа нэг гэр бүлийн таван хүний эрдэнэт амь эрсэдлээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Гал түймрийн дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1 дүгээр тасаг тус тус ажиллаж, иргэдийг аврах ажлыг зохион байгуулсан бөгөөд гал түймрийн голомтод аврах ажиллагааг удирдаж байсан Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч угаартан эмнэлэгт хүргэгдсэн ч харамсалтайгаар амь насаа алдлаа. Албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж яваад алтан амиа алдсан алба хаагчийн ар гэр, төрөл төрөгсөд, тангараг нэгт хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Цагдаагийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр галын шалтгаан нөхцөл нь гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэлтэй байгаа тул дахин ийм эмгэнэлт явдал гаргахгүйн тулд ард иргэд та бүхнийг галын аюулгүй байдлыг сайтар хангахыг сэрэмжлүүлж байна. Гацуур модоо 12 вольтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, шөнийн цагаар мөн хүнгүй үед гэрлийг нь асаахгүй байх, оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх зэрэг мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийг сахин биелүүлэхийг хүсье.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *