Тяньжин боомтод байгаа импортын чингэлгийг шуурхай татан авч байна

Тяньжин боомтод байгаа импортын чингэлэг нэмэгдэж байгаатай холбоотойгоор УБТЗ-ын зүгээс Тяньжин боомтоос Монгол Улсыг чиглэсэн импортын чингэлгийн галт тэрэгний тоог нэмэгдүүлэх хүсэлтийг Хятадын төмөр замд тавьснаар Хятадын тал хоногт 1.5 галт тэрэг Тяньжин-Эрээн өртөө хооронд аялуулдаг байсныг хоногт 3-4 галт тэрэг аялуулж байна.

Эрээн өртөөнөөс Замын-Үүд өртөөний нарийн царигаар орж ирсэн импортын чингэлгийг өргөн царигийн галт тэргэнд шилжүүлэн ачиж шуурхай тээвэрлэн Улаанбаатар хотын терминалуудад буулгах ажлыг УБТЗ зохион байгуулж байгаа юм.

2023 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар Тяньжин боомтод Монгол Улс руу илгээх 3921 чингэлэг ачаа байсан бол өнөөдрийн байдлаар 2926 болж 25 хувиар багасжээ.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн Шилжүүлэн ачих ангийн талбайд нийтдээ 677 чингэлэг байгаагийн 500 нь хуучин автомашинтай чингэлгүүд юм. Мөн Улаанбаатар хотын терминалуудад өнөөдрийн байдлаар 1935 чингэлэг байгаагаас 1200 нь ачаатай чингэлэг байна.

Импортын чингэлгийг шуурхай тээвэрлэх, хүлээн авагчдад нь түргэн шуурхай олгох ажлыг УБТЗ-ын зүгээс терминалууд болон Гаалийн Ерөнхий газартай хамтран зохион байгуулж байгаа аж. Эдгээр байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments