Г.Энхтайван Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ
“Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Ц.Цэрэнпунцаг дарга төслийн талаар хуралдаанд танилцуулж, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны дээрх тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 83.3 хувь нь “Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжсэн. Энэхүү тогтоолоор Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах бэлтгэл хангаж, нэр дэвшигчийн дэлгэрэнгүй танилцуулга болон тус албан тушаалд тавигдах нийтлэг, тусгай шаардлагыг тусгасан мэдээлэл авах маягтын загвар боловсруулахыг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагт даалгаж байгаа юм.
Түүнчлэн хууль тогтоомжоор эрх олгогдсон этгээд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийг санал болгож, тухайн албан тушаалтан томилогдох хүртэл хугацаанд холбогдох хуульд заасны дагуу Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайванаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж байгаа юм байна.