Нийслэлийн Ардчилсан нам ТТТ ХХК-ийн сайжруулсан түлшний баруун үйлдвэрт ажиллалаа

Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар агаарын бохирдлыг үүсгэгч хүчин зүйлсийн 51 хувийг сайжруулсан шахмал түлшнээс ялгарах хорт утаа эзэлж байгааг анхааруулсан билээ. Тэгвэл Нийслэлийн ардчилсан намын дарга Т.Батцогт тэргүүтэй намын дэд дарга нар, Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүний хамт  ТТТ ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний баруун үйлдвэрлэлийн бодит үйл явцтай танилцаж, түлшинд агуулагдах хорт бодисын талаар асуулга тавьж, гурван төрлийн түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд өгөх ажлыг эхлүүллээ.

Учир нь утаанаас ялгарах хүхрийн хийд  олноороо хордлогод орж, зарим нь гэр бүлээрээ угаартаж нас барж байгаа тохиолдлуудад нийгмээрээ хариулт нэхэж, түлшний чанарыг бодитоор тогтоохыг шаардаж буй. Тиймээс сайжруулсан шахмал түлшний завсрын бүтээгдэхүүн болох мидлинг,  Монгол эрдэмтдийн гарган авсан барьцалдуулагч, БНХАУ-аас импортолсон барьцалдуулагч тус бүрээс дээж авчээ.

Сайжруулсан түлшнээс ялгарах хүхэрлэг хий, түүхий нүүрснийхээс хоёр дахин их байгааг ТТТ ХХК-ийн үйлдвэрлэлийн технологич танилцуулга хийх үеэрээ мэдээлсэн бол хамгийн ноцтой нь хорт бодисын хэмжээг тогтоох лаборатори манай улсад байдаггүй гэдгийг онцлон хөндөв.

Статистикаас харвал гэртээ угаартаж нас барсан хүний  тоо 2020 онд 124, 2021 онд 184, 2022 онд 122 байгаа бол өнгөрсөн оны байдлаар угаартсан хүний тоо 3184 болж, 61 хүн нас барсан байна. Мөн сүүлийн 5 жилийн хугацаанд “Таван толгой түлш”ХХК-ийн баруун үйлдвэрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт нь тодорхойгүй, үйлдвэрлэлийн орчинд амьдарч байгаа 2768 айл өрхийн 7375 иргэнд үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар тайлагнаагүй, нөхөн сэргээлт хийгээгүй аж.

Баруун үйлдвэрлэлийн үйл ажиллагааг ирэх дөрөвдүгээр сарын дотор бүрэн зогсоож, ирэх оноос багануурын уурхайг түшиглэсэн хагас коксожсон түлшний үйлдвэрийг ашиглалтад оруулахаар эрх баригчид зэхэж буй юм. Одоогоор үйлдвэрлэлийн хуримтлагдсан өр 687 тэрбум төгрөгт хүрчсэн бол компанийн нийт өр 1.1 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Харин өнгөрсөн 5 жилийн хугацаанд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд нийт 2.5 их наяд төгрөг зарцуулсан гэсэн мэдээлэл бий.

Товчхондоо МАН эрх барьсан сүүлийн 8 жилийн хугацаанд нийслэлийн гэр хорооллын 220 мянган янданг буулгах шийдэл байсангүй. Харин ч уушгины хавдрын суурь өвчлөлийг тэд тавьж чадсан гэдгийг Нийслэлийн Ардчилсан нам хатуу сануулав.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *