Хүүхдийн хүчирхийллийн дуудлагаар 32 хүүхдийг түр хамгаалах байранд хүргэжээ
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд нэгдүгээр сарын 15-21-ний өдрийг хүртэлх хугацаанд 3,399 дуудлага иржээ. Эдгээрээс хамгийн их нь буюу 1,463 хүн мэдээлэл авахаар холбогдсон байна.
Харин зорилтот бус 1,183 дуудлага ирсэн бол хүүхдийн эрхийн зөрчил, хүүхэд хамгааллын 353 дуудлагаар 32 хүүхдийг түр хамгаалах байранд хүргэжээ. Хамтарсан багт шилжүүлсэн нийт дуудлагын 221 нь Улаанбаатарт, 88 нь аймгуудын хэмжээнд байна.
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв нь хүүхдийн эрхийн зөрчлийн, хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага мэдээллийг хүлээж авч анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх, холбон зуучлах үүрэг бүхий байгууллага. Дуудлага мэдээллийг бүртгэл үүсгэн холбогдох байгууллагад нь холбон зуучилдаг.
108 дугаарт 24 цагийн турш үнэ төлбөргүй холбогдох боломжтой бөгөөд хүн бүр хүүхдийн эрхийн зөрчлийг мэдээлэх үүрэгтэй билээ.
Тус төв өдөрт дунджаар 350-400 дуудлага хүлээн авдаг. Нэгэн зэрэг дөрвөн шугам дээр дуудлага авч, мессеж болон чатбот үйлчилгээг үзүүлдэг байна. Оройн 22:00 цагаас шөнийн 02:00 цагийн хооронд гэр бүл хүчирхийллийн дуудлага эрс нэмэгддэг бөгөөд өдөрт ирж буй дуудлагын 40-60 орчим хувь нь хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага байдаг аж. Улсын хэмжээнд 2020 оны байдлаар хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх 16 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний 18 төв үйл ажиллагаа явуулдаг байна.