Н.Сугар: Хаасан авто зогсоолуудад ногоон байгууламж байгуулна
-Нийтийн тээврийн салбарыг цогцоор нь шинэчлэхэд дан ганц парк шинэчлэл, маршрутын өөрчлөлт хийх нь хангалтгүй юм. Тиймээс Энхтайваны өргөн чөлөөний зам дагуух авто зогсоолуудыг хааж, ногоон байгууламж болгохоор ажиллаж байна. Учир нь тухайн авто зогсоолуудад ойр орчмын үйлчилгээний байгууллагын ажилтан, оршин суугчид бүтэн өдөржин машинаа тавьж, зогсоолын сэлгэлт хийх боломжгүй болгодог. Мөн төв зам дагуух карма зогсоолоос үүдэн нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа нийтийн тээврийн хэрэгслийн хурд удааширдаг. Одоогоор Энхтайваны өргөн чөлөө дагуух 26 карма зогсоолыг авто замын байгууламжийн тоноглолоор хаагаад байна.
Хаасан авто зогсоолуудын оронд ногоон байгууламж байгуулна. Учир нь автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг байна. Тиймээс авто зам, явган хүний замыг зааглаж буй ногоон байгууламжийн хэмжээг нэмэн, автомашинаас хүнд нөлөөлөх бохирдлыг тодорхой хэмжээнд хязгаарлахаар зорьж байгаа. Мөн нийтийн тээврийн нэгдүгээр эгнээ бүрэн чөлөөлөгдөж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэж үзэж буй.