СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цаг агаарын аюултай үзэгдэл болно
2024 оны хоёрдугаар сарын 16-18-ны өдрийн цаг агаарын мэдээллийг танилцууллаа.
“Өнөөдөр/2024.02.16/ Фён салхины нөлөөгөөр Ховд аймгийн нутгаар салхи секундэд 28-34 метрийг давж, шороон шуурга шуурна.
Завхан аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл болох нөхцөл бүрджээ.
Говь-Алтай, Увсын өмнөд Баянхонгорын баруун хойд хэсгээр салхи секундэд 18-24 метрт хүрч, ширүүснэ.
Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдсэн байна.
Баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, шуурна.
Хоёрдугаар сарын 17-нд баруун аймгуудын зарим, төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын хойд, зүүн аймгуудын зарим газраар, 17-18-нд төв, говийн зүүн, зүүн аймгуудын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Хоёрдугаар сарын 17-ноос баруун болон төвийн нутгаар, 18-нд ихэнх нутгаар хүйтний эрч 10-20 градусаар чангарна. Цаг агаарын эрс тэс үзэгдэл болж байгаа тул иргэд болзошгүй эрсдэлээс сэрэмжлэхийг анхааруулж байна” хэмээн ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг мэдээллээ.