“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум: Засаг захиргааны шинэчлэл хийх цаг болсон

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг энэ сарын 14-нд зохион байгуулна. Уг форумын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, Засаг захиргааны шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, дагуул хотын талаар хэлэлцэж байна.

Урьдчилсан хэлэлцүүлгийг нээж нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотын газар нутгийн хэмжээ Монгол Улсын газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг ч улсын нийт хүн амын 49.6 хувь энд амьдарч байна. Товчхондоо Улаанбаатар хот бүх салбарын төв болсон. Энэ нь давуу тал боловч нөгөө талдаа нийгэм, эдийн засгийн шийдэл хүлээсэн олон асуудал дагуулж байгаа. Утаа, замын хөдөлгөөний түгжрэл, орчны бохирдол зэрэг хот төлөвлөлтийн алдаа, түүнээс улбаатай бэрхшээлүүдийг дурдаж болно. Суурь асуудлаа шийдэхийн тулд өөр өнцгөөс харж, хандлагаа өөрчлөх цаг болсон” гэдгийг онцлов.

Хэлэлцүүлгийн эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчилсэн төлөвлөлт”-ийг танилцууллаа.

Нийслэл хот 204 хороотой. Үүнээс 189 хороо нь төвийн зургаан дүүрэгт, 15 хороо нь захын гурван дүүрэгт байдаг. Хороодын хүн амын тооны зөрүүнээс шалтгаалж, зарим хорооны иргэд төрийн үйлчилгээг шуурхай авч чадахгүйд хүрсэн. Иймээс нийслэлийн есөн дүүргийг 42 нэгжид хуваахаар төлөвлөсөн. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг 15-20 минутад бүрэн авах боломжтой болно.

Түүнчлэн Улаанбаатар хотыг  42 нэгжид хувааснаар эрүүл мэнд, улсын бүртгэлийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах, газар олголтын явц жигдрэх, гэмт хэрэг зөрчлийн тоо буурах эерэг өөрчлөлтүүд гарна гэдгийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан онцолсон юм.

Хэлэлцэж буй сэдвийн хүрээд оролцогчид дараах саналыг хэллээ.

НИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг:

-Хороо нь төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх анхан шатны чухал нэгж. 204 хороог 42 нэгж болгох зөв.  Хорооны Засаг даргад тодорхой эрх мэдлийг нь өгч, Засаг даргыг иргэдээс сонгох нь зүйтэй.

НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат:

-Найман жилийн өмнө хот 152 хороотой байсан. Өнөөдөр 204 хороотой болсон. 52 хороог нэмсэн ч асуудал хэвээр байна. Өнөөдөр нэг хороонд дөрвөн цэцэрлэг, хоёр сургууль байхад огт сургууль, цэцэрлэггүй хороо ч байна. Нэг хороо 1000 иргэнтэй бол нөгөө хороонд 20 мянган хүн амьдарч байгаа жишээ бий. Тиймээс есөн дүүрэг, 204 хороог 42 нэгж болгохыг дэмжинэ.

Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва:

-1990 оноос хойш Улаанбаатар хотын суурьшлын бүс 1.5-2 дахин өссөн. Засаг, захиргааны нэгжийн хуваарилалт, үндсэн чиг үүрэг гүйцэтгэдэг дүүргүүд хуучин хэвээр байгаагаас төрийн болон нийгмийн үйлчилгээний хүртээмжгүй байдал үүсэж байна. Уг асуудлын шалтгааныг судалж, түүнд суурилсан засаг, захиргааны шинэчлэлийг эрх зүйн шинэчлэлтэй уялдуулан хийх цаг болсон байна.

ЭМАШТҮХ-ийн зөвлөх багийн ахлагч, Анагаах ухааны доктор, профессор С.Сонин:

-Нийслэлийн эрүүл мэндийн байгууллага, тэр дундаа өрхийн эмнэлэг 24 жилийн өмнө Улаанбаатар хот 700 мянган хүн амтай байхад 8-12 мянган хүнд үйлчлэх даацтай байгуулагдаж байсан нь өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй. Хүн ам хоёр дахин нэмэгдсэн тул засаг, захиргааны өөрчлөлтөөр үүнийг шинэчлэх шаардлагатай.

Ташрамд, хэлэлцүүлэг “Дэд бүтэц-Төр, хувийн хэвшлийн түншлэл” сэдвийн дор үргэлжилж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *