Виз зөвшөөрлийн 13 үйлчилгээг бүрэн цахимжуулжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл тэргүүтэй газрын дарга, мэргэжилтнүүдийн  төлөөлөл Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж, албан хаагчидтай уулзсан юм.  Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр виз, оршин суух зөвшөөрөл олголт, цахим үйлчилгээний нэгдсэн системийн үйл ажиллагааг танилцуулан, хууль тогтоомжийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээлэл өгсөн байна.

Тус байгууллага хуулийн хэрэгжилтийг хангах, иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх, нээлттэй, ил тод, шуурхай, чанартай, хүртээмжтэй ажил, үйлчилгээ үзүүлэх цахим шилжилтийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлжээ.

Энэ хүрээнд виз зөвшөөрлийн 13 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, 2021 оноос хойш нийт 210 мянган иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн байна. Ингэснээр өдөрт дунджаар 240-520 иргэн биечлэн ирж үйлчлүүлдэг байсан нь 5-8 болж багасч, 100-150 хүсэлтийг цаасаар хүлээн авч шийдвэрлэдэг байсан бол 700-1100 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэлтийн тоо нэмэгджээ. Мөн үйлчилгээний хүсэлтийг 5-10 хоногт шийдвэрлэдэг байсныг 3 хүртэл хоногт багтаан богино хугацаанд шийдвэрлэж байна. Үйлчилгээ бүрэн цахимжсанаар ирж очиход зарцуулдаг байсан 3-4 цагийг хэмнэж, ердөө 30 минутын дотор хүсэлтээ илгээх боломжтой болсон бөгөөд хүсэлтээ хянаж, шийдвэрлэлтийн мэдээллийг мөн л цахимаар хүлээн авдаг болсон.

Б.Энхбаяр: Төрийн үйлчилгээг цахимжуулахад Гадаадын иргэн, харьяатын газар манлайлан ажиллаж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр алба хаагчидтай хийсэн уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Засгийн газрын тэргүүлэх бодлогын нэг бол төрийн албаны цахим шилжилт юм. Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүнд сурталгүй, нээлттэй үзүүлэхэд Засгийн газраас бодлогоор дэмжиж ажиллаж байгаа. Энэхүү бодлогыг амжилттай хэрэгжүүлж, төрийн албаны цахим шилжилтийг манлайлж байгаа байгууллага бол Гадаадын иргэн харьяатын газар. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд 15 улсын Элчин сайдтай уулзаж, санал солилцсон. Элчин сайд нарын зүгээс Монгол Улс виз олгох ажлыг цахимжуулж, гадаад улсын иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй, аливаа хэлбэрийн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид шийдвэрлэдэг болсныг надад тухайлан сайшаан тэмдэглэж байсныг энд дурдмаар байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих бодлогыг “Go Mongolia” уриатайгаар гадаад, дотоодын аялагчдыг эх орондоо татах чиглэлд олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд Монгол Улс түүхэндээ анх удаа зөвхөн аялал жуулчлалын салбараас 1 тэрбум ам.доллар давсан орлого олсон. Монгол Улс ганцхан байгалийн баялгаас хамааралтай биш, өөр бусад салбараас ч ашиг орлого олох боломжтой юм гэдгийг энэ үйл явц харуулсан. Үүнд гадаадын иргэн, харьяатын байгууллагын цахим шилжилтийн ажил онцгой чухал нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Нээлттэй, ил тод, шилэн байдалтайгаа хамт Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын бодлогыг та бүхэн манаж, сэрж ажиллах энэ үүргээ умартаж болохгүй гэдгийг мөн анхааруулж хэлмээр байна” гэсэн юм.

Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлжээ. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх, цахимаар үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн чухал зохицуулалтуудыг тусгасан байна.

Тухайлбал, визийн ангиллыг төрөлжүүлж нэмэгдүүлэх, виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бий болгох, цахим виз олгох,  визийн хүчинтэй хугацааг уртасгах, цахим үйлчилгээний системийг шинэчлэх, оршин суух зөвшөөрлийн лавлагааг цахимаар авах, визийн мэдүүлгийн хуудсыг цахимаар бөглүүлэх, Immigration.gov.mn цахим сайт 5 хэлний сонголттойгоор үйлчлэх боломж, нөхцөлийг бүрдүүлжээ.

2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс цахим визийн evisa.mn cистемийг ашиглалтад оруулж, Жуулчин /K2/, Соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/, Дамжин өнгөрөх зорчигч /K6/ гэсэн 3 ангиллын визийг дэлхийн хаанаас ч мэдүүлэх боломжтой болжээ. Цаашид 64 ангиллын визийг бүгдийг нь цахимаар олгох боломж бүрэн бүрдсэн байна.

Өнгөрсөн онд 82 улсын 31 мянган иргэнд цахимаар виз олгож, нийт 4,4 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *