Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурчээ
Монгол Улсын өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүний 70 орчим хувийг нэвтрүүлдэг Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалт дуусаж, өнгөрөгч амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн. Тэгвэл тус боомтоор ачаа тээврийн эргэлт хэр байгаа талаар Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын ачаа тээврийн хэлтсийн дарга О.Энхбат дараах дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвэр Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулдаг. Ковидын үед бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, тээвэр зуучийн ханш өсөж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Цар тахлын үед нэг чингэлэг ачаа 50-60 мянган юань хүрч байсан. Харин өнөөдөр 8500 юань буюу 5-6 дахин буурсан үзүүлэлттэй байна. Тээвэрчид өөрсдийн дураар тээврийн үнэ, ханшаа нэмээгүй. Ихэнх барааг бөөгнүүлж, тээвэрлэгчдэд олгодог ачаа илгээгч нар нь БНХАУ-ынх байдаг учраас тээврийн ханшийг юаниар хэмждэг.
Ковидын өмнө юань 300 гаран төгрөгийн ханштай байсан. Өнөөдөр 470 юанийн ханштай байна. Үүнийг дагаад тээвэрлэлтийн ханш өссөн юм шиг харагдаад байгаа.
Өнөөдрийн байдлаар хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал сайжирсан. Өдөрт дунджаар 250 тээврийн хэрэгсэл хил нэвтрүүлж байгаа. Хилээр олон тээврийн хэрэгсэл гарах тусам, ачаа барааны эргэлт сайжирч, үнэ тогтвортой байдаг. Тиймээс тээврийн хэрэгслийг аль болох шуурхай, саадгүй нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна” гэжээ.