Х.Нямбаатар: Хотын төв рүү өдөрт 5 зүгээс 3 сая зорчигч хөдөлгөөн хийж байгаа нь түгжрэлийн гол шалтгаан болж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2024.04.17/ танилцууллаа.
Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар, “Улаанбаатар хот 1960 онд БНМАУ-ын гурав дахь Үндсэн хууль батлагдсаны дараа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлийг хийсэн. Монгол Улсын нийслэл тухайн үед дөрвөн дүүрэгтэй байхаар шинэчилж байв. Тэр үед хүн ам нь 150 мянга орчим байсан. Тэр цагаас хойш 30 жилийн дараа 1993 онд Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа Улаанбаатар хотын шинэчлэлийг хийхэд хүн амын тоо 600 мянгад хүрч, дүүргийн тоог зургаа болгож байсан. Үүний дараа 2024 онд Улаанбаатар хотын бүртгэлтэй хүний тоо 1.7 саяд хүрч, есөн дүүрэг 204 хорооны бүтэц зохион байгуулалттай явж байгаа.
Хотын төв хэсгийн Бага тойруу дотор 86 га талбайд төрийн захиргаа, их дээд сургууль, эмнэлгүүд төвлөрсөн нь түгжрэлийн гол үндэс болж байна. Энэ багахан газарт хотын таван зүгээс өдөртөө гурван сая зорчих хөдөлгөөн хийж байна. Алслагдсан дүүрэгт эрүүл мэнд, соёл, боловсролын үйлчилгээ харилцан адилгүй байна” гэлээ.