Д.Амарбаясгалан: Бүх хилийн боомтоор импортын гурил, тэжээлийг татваргүй оруулна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Гурилын импортын татварыг чөлөөлөх мэдээллийг өглөө.
Тэрээр, “Гурилын импортын татварыг чөлөөлөх тогтоолыг өнөөдөр ЗГ баталлаа. Импортоос чөлөөлөх барааны жагсаалтыг шинэчилж улаан буудайн гурил, малын тэжээл багтааж байна. Өнөөдрөөс бүх хилийн боомтоор гурил, тэжээл татваргүй орж ирж байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын зүгээс холбогдох яамны сайд нарт үүрэг өгсөн. Засгийн газар зрохицуулалт хийж дотоодын улаан буудайг дэмжинэ, тариаланчдад 182 тонн эльваторыг ашиглуулж эхэлнэ.
Ингэснээр тариаланчид гурилын үйлдвэрийг гуйдаг нөхцлөөс ангижрана. Өрсөлдөх боломж нээгдэнэ. Тариаланчдын эрх ашгийг нь хамгаалж, боломжуудыг нээнэ. Дотоодын хэрэгцээг хангасан бол илүүг нь экспортод гаргах боломж бүрдүүлнэ. Ийнхүү Засгийн газрын тогтоол баталж, гурилын татвар тэглэгдэх үйл ажиллагаа эхэллээ. Үүнийг дагаад инфляц буурна. Учир нь хэрэглээний сагсны 50-60 хувийг гурил гурилан бүтээгдэхүүн эзэлдэг” гэлээ.