Е-баримт системд 14 мянган хуурамч баримт үйлдэжээ

Тагнуулын ерөнхий газраас Е-баримт системд компанийн нэр барьж иргэдийн нэрээр хуурамч баримт үйлдэж их хэмжээний мөнгө хууль бусаар авсан иргэдийг илрүүлэн шалгаж шүүхээс Эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, иргэн Г, Ц, Б, У, У нар нь 2017 оны дөрөвдүгээр улирлаас 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй 10 компанийн нэр дээр борлуулалт хийсэн гэх мэдээллийг татварын бүртгэлийн системд оруулжээ. Ингэхдээ нийт 14,180 ширхэг хуурамч баримтыг үйлдэж, 835 иргэний нэрээр Е-баримтын нэгдсэн системд бүртгүүлэн тэдгээрийн дансаар дамжуулан НӨАТ-ын урамшуулал болох 1.3 тэрбум төгрөгийн /1,318,286,913/ буцаан олголтыг хууль бусаар авсан байна. Улмаар хууль бусаар олсон орлогын эх үүсвэрийг нуун далдлах зорилготой банкны гүйлгээний утгыг өөрчлөн бичүүлэх, мөнгийг бэлнээр авах, зээлийн төлбөрт шилжүүлэх байдлаар захиран зарцуулжээ. Энэ мэтчилэн мөнгө угаах гэмт хэргийг байнга үйлдсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 /мөнгө угаах/ дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /байнга тогтвортой үйлдсэн/ заалт, 18.7 /мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/ дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж, шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, шүүгдэгч Г 2 жил 6 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Ц, Б, У, У нарт 5-6 сая төгрөгөөр торгох, 1-2 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, улсад учруулсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *