“АСЕМ-ийн үеэр авсан 43 автобуснаас 40-ийг нь эргэлтэд оруулж, 17 байгууллагад санхүүгийн түрээсээр олгосон”

Хүчний зарим байгууллага Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан гэсэн мэдээлэл цахим орчинд тараад байна. Тодруулбал ЦЕГ, АТГ, УЕПГ нь Хөгжлийн банкнаас зээл авсан гэх мэдээлэл гарсантай холбоотойгоор Монгол Улсын Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.Батырбекээс тодрууллаа.

-Хөгжлийн банк ЦЕГ, АТГ, УЕПГ-т зээл өгсөн гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
– Юуны өмнө сошиал дээр гараад байгаа шиг хууль, хүчний байгууллагуудад мөнгөн хэлбэрээр зээл олгоогүй  ба АСЕМ-ийн үед ашиглаж байсан автобуснуудыг санхүүгийн түрээсээр олгосон асуудал гэдгийг тодотгох хэрэгтэй.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 459 дүгээр тогтоолоор БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд авах зээлийн ашиглагдаагүй үлдэгдэл хөрөнгөөр “Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Дээрх төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад үйлчлэх автобусны үйлчилгээг зохион байгуулах ажлын хэсгийг Зам, тээврийн сайдын 2016 оны 47 дугаар тушаалаар, Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан “Олон улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”, “Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдийн дагуу том оврын автобус худалдан авах ажлыг зохион байгуулахыг Зам, тээврийн сайдын 2016 оны 75 дугаар тушаалаар тус тус баталсан.

АСЕМ-ийн уулзалтад зориулсан нийт 43 автобусыг Монгол Улс хүлээн авсан. Улмаар дээд хэмжээний тус уулзалтын дараа ашиглагдахгүй орхисон том оврын 40 автобусыг 17 аж ахуйн нэгж болон төрийн байгууллагад санхүүгийн түрээсээр олгосон байдаг. Харин 3 автобусыг хэрхсэн талаарх мэдээлэл Хөгжлийн банканд байхгүй. Дээрх байгууллага дунд ЦЕГ, АТГ, УЕПГ багтсан. Эдгээр 17 ААН-ийн ес нь төрийн өмчтэй байгууллага бол бусад нь хувийн компаниуд юм.

-Тэгэхээр АСЕМ-ийн үеэр ашигласан том оврын автобусуудыг хурал дууссаны дараа 17 байгууллагад зээлээр өгөөд төлбөрийг төлүүлж байгаа гэж ойлгож болох уу?
-Товчхондоо тийм. АСЕМ-ийн үеэр худалдаж авсан автобусууд ашиглагдахгүй орхигдсон байсныг эргэлтэд оруулсан гэсэн үг. Түрээслэгч байгууллагуудаас ирүүлсэн хүсэлт, холбогдох эрх бүхий эдгээдийн зөвшөөрлийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-аар дамжуулан дээр дурдсан том оврын автобусуудыг зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллага, төсөвт болон төрийн өмчит байгууллагуудад санхүүгийн түрээсээр олгосон юм. Нөхцөл нь жилийн 4.5 хувийн хүүтэй, 5-10 жилийн хугацаатай.

Ингэхдээ ЦЕГ, АТГ, УЕПГ-т 10 хүртэл жилийн хугацаатайгаар санхүүгийн түрээсээр олгосон. Өнөөдрийн байдлаар АТГ 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөр түрээсийн өр төлбөрийг бүрэн барагдуулж, санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангасан бол ЦЕГ болон УПЕГ төлбөрөө хэвийн төлөөд явж байна. Үндсэндээ 2.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүгийн түрээс олгосноос 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний байдлаар 634 сая төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна.

Эдгээр автобусыг төрийн болон хувийн аж ахуй нэгж байгууллагуудад ижил нөхцөлтэйгөөр түрээсийн гэрээ байгуулан олгосон байдаг. Бусад түрээслэгч байгууллагууд мөн гэрээнд заасан хуваарийн дагуу тогтмол эргэн төлөлтөө гүйцэтгэж байгаа.

Эх сурвалж: Gogo.mn

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments