С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай
Зөвлөгөөнд тус аймгийн төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, сумдын Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд, сум, багийн Засаг дарга 380 гаруй хүн оролцож, эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар мэдээлэл авч, орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй үйл явц, тулгамдаж буй асуудлынхаа талаар ярилцан, цаашдын зорилго зорилтоо тодорхойлж буй юм.
Зөвлөгөөний нээлтийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хийж хэлсэн үгэндээ 2023 он эрүүл мэндийн салбарт үр өгөөжтэй, Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилгыг хэрэгжүүлэхэд нэг алхам ойртсон жил болж өнгөрсөн бөгөөд КОВИД-19 цар тахлын улмаас салбарт гарсан ухралтыг зогсоож, зарим талаар цар тахлын өмнөх түвшинд хүргэж чадсаныг тэмдэглэв.
Сайд Монгол Улс дахь Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилгын хэрэгжилтийг “дунд зэрэг” гэж үнэлсэн ба цаашид бид олон улсын өмнө хүлээсэн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд эмнэлгийн тусламж үйлчилгээг шүтсэн хандлагаа өөрчилж, бага зардлаар олон хүний эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай байгааг онцлоод “2023 онд эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгой анхаарч, 2012 оноос хойш дорвитой өөрчлөлт хийгдээгүй байсан салбарын хуулиудыг шинэчлэх ажлыг эхлүүлж, Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Тусгай сангийн тухай, Дархлаажуулалтын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсны зэрэгцээ Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг батлууллаа.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдсанаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгдсэн тогтолцоо бий болж, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төсвөөс санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдэж, байгууллага, иргэдийн оролцоо нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна” гэсэн юм.
Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарын чадавхийг бэхжүүлэх, эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, тав тухтай орчинд ажиллах боломжийг бүрдүүлэхэд анхаарч, шаардлагатай хөрөнгө оруулалтыг тухай бүрт нь шийдвэрлэн ажиллаж байгааг Эрүүл мэндийн сайд хэлсэн үгэндээ дурдсан.
Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож баянхонгорчуудын эрүүл мэндийн манаанд цаг наргүй зүтгэж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд талархал илэрхийлээд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарч ажиллахыг захилаа.
ЭМЯ энэ оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/208 тоот тушаалаар Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Эрүүл шүд”, “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээ”-г батлуулан, ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх цогц арга хэмжээний төлөвлөгөөг бусад яамдын оролцоотой хамтран баталж, хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Удирдах ажилтны зөвлөгөөнийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат удирдаж, үндсэн илтгэлийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эрүүл мэндийн шинэ сэргэлт” сэдвээр тавилаа. Мөн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Энхжаргал Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг танилцуулсан бол Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр “Нийгмийн эрүүл мэнд тэргүүлэх чиглэл болох нь”, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал “Үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх нь”, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт” сэдвээр мэдээлэл өглөө.
Зөвлөгөөний үдээс хойшхи хуралдаан “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтаар үргэлжилж байна. ЭМЯ, ЦХХХЯ хамтран зохион байгуулж буй уг сургалтаар ЭМХТ-ийн Дуудлага зохицуулах албаны дарга Д.Бямбасүрэн “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд”, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сургалт хөгжлийн ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг “Төрийн бүтээмжийн сэргэлт-Монгол Улсын цахим шилжилтийн бодлого”, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын захирал Т.Батбилэг “Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлт, мэдээлэл солилцооны хөгжүүлэлт”, И-Монгол академийн Салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем дэх эрүүл мэндийн үйлчилгээ”, ЭМХТ-ийн Мэдээлэл технологийн албаны ахлах мэргэжилтэн Н.Гантулга “Эрүүл мэндийн цахим шилжилт, түүний хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.