Олимпын эрх олгох тэмцээнд өнөөдөр манай дөрвөн боксчин тулалдана
“Парис 2024” олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн Тайландын Бангкок хотод энэ сарын 24-нөөс ирэх сарын 2-нд хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээнд Үндэсний Олимпын Хорооны 132 гишүүн болон дүрвэгчдийн багийн нийт 578 боксчин оролцож байна. Олимпын 13 жинд 51 эрхийн төлөө тамирчид хүч сорих юм.
Тайландын Хуамарк спортын ордонд болох тус тэмцээнд өдөр болон орой гэсэн цагийн хуваарийн дагуу явагдана. Эхнийх нь Улаанбаатарын цагаар 14:00 цагт эхлэх бол дараагийнх нь 19:30 цагаас тулалдах юм.
Манай боксчдоос эрэгтэйчүүдийн 71 кг-д О.Бямба-Эрдэнэ Туркменистаны Байрамдурди Нурмухаммедовыг 4:1-ээр, 63.5 кг-д Э.Цэндбаатар Вьетнамын Тан Дат Вуг 5:0-ээр илүүрхсэн билээ.
Өнөөдөр манай дөрвөн боксчин рингэнд гарна. Тодруулбал эмэгтэйчүүдийн 60 кг-д М.Намуун Энэтхэгийн Анкушита Боротой, эмэгтэйчүүдийн 75 кг-д Э.Эрдэнэтуяа Барбадосын Кимберли Життинстэй, эрэгтэйчүүдийн 92 кг-д Н.Отгонболд Афганистаны Нори Силабтай, эрэгтэйчүүдийн 80 кг-д Г.Далай Кенийн Эдвин Овуортой тулалдах хуваарьтай.