Үер усны аюулаас урьдчилан сэргийлж, бэлэн байдалд ажиллахыг орон нутгийн удирдлагуудад даалгалаа

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ОБЕГ–ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар аймаг, орон нутгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, үер усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллах асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Цаг уурын байгууллагын өгч байгаа мэдээллээр ирэх зургадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй байгаа боловч төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Иймд гэнэтийн ус ихтэй аадар борооны давтамж өндөр байх магадлалтай тул дээрх бүс нутагт үер усны аюулаас сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Харин долоодугаар сард Завханы зүүн, Өвөрхангай, Сүхбаатарын хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар хур тунадас олон жилийн дундажаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Иймд амралт, зугаалгын улирал эхэлсэн тул иргэдэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй хөвөгч хэрэгсэл, завь зэргийг хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.
Тиймээс аймаг, орон нутгийн удирдлагуудад гол, мөрөн, нуурын дагуу хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эрэг орчмоор үйл ажиллагаа явуулдаг амралт, сувилал, аж, ахуйн нэгжүүдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмж өгөх, амрагчдын аюулгүй байдлыг хангаж байгаа байдалд хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, үерт өртөж болзошгүй айл өрх, аж ахуйн нэгжүүдийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлэхийг даалгалаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *