УНТЭ: Уушгины дурангийн эмчилгээгээр Японтой хамтарна
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги, харшил судлалын төв болон Японы Олон улсын эрүүл мэнд, анагаах ухааны судалгааны үндэсний төвийн Амьсгалын эрхтний дотрын тасгийн хамтарсан “EBUS-д чиглэсэн бронхоскопийн сургалт, техникийн сайжруулалт” төслийн уулзалт өнөөдөр /2024-06-06/ боллоо.
Уулзалтын эхэнд УНТЭ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал манай эмнэлгийн урдаа барьдаг, чухал салбаруудын нэг нь Уушги, харшил судлалын төв хэмээгээд “Уушгины тасгийн хувьд харьцангуй залуу баг бөгөөд орчин үеийн эмчилгээ, оношилгооны технологийг өөрсдөө санаачлан төсөл бичиж, амжилттай нэвтрүүлээд байгаа юм. Манай улс тоосжилт, агаарын бохирдол ихтэй учраас уушгины эмгэгтэй хүмүүс жилээс жилд нэмэгдэж байна. Тэр тусмаа уушгины хавдар, халдварт болон халдварт бус өвчнүүд ихэссэн талаарх судалгаа гарсан” тухай дурдаад Японы төлөөлөгчдөд хандан УНТЭ болон нийгэмлэг, холбоодтой хамтран ажиллахаар ирсэнд талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Хурлын үеэр Олон улсын эрүүл мэнд, анагаах ухааны судалгааны үндэсний төвийн Амьсгалын эрхтний дотрын тасгийн эмч Кусаба Юүсакү төслийн талаар танилцуулга хийсэн бол АШУҮИС-ийн профессор, Уушги судлалын нийгэмлэгийн тэргүүн, анагаах ухааны доктор Д.Ичинноров “Монголын уушгины дурангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал”, УНТЭ-ийн Уушги, харшил судлалын төвийн дарга Б.Одончимэг “Монгол дахь EBUS-ийн өнөөгийн байдал” сэдвээр тус тус мэдээлэл хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.