“Ногоон автобус”-ны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно
“Ногоон автобус”-тай холбоотой “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал асан А.Ганхуяг, сайд асан Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно.
Нийслэлийн прокурорын газраас 24 хүнд холбогдох “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Тодруулбал, үүнд Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдож буй.
Прокуророос холбогдогч нарт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.