Усны ослын нийт тохиолдлын 27,5 хувь нь нийслэл хотод тохиолджээ
Улсын хэмжээнд зургаадугаар сарын 24-ний байдлаар усны ослын 46 тохиолдол бүртгэгдэж, 30 хүн амь насаа алдсан байна. Үүний 26 нь том хүн, 4 нь хүүхэд байгаа юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн байна. Усны ослын нийт тохиолдлын 27,5 хувь, амь насаа алдсан иргэдийн 18 хувь нь нийслэл хотод тохиолджээ.
Иймд иргэн та гол, мөрөн, нуурын эрэг орчим амарч зугаалахдаа өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд байнга хяналт тавьж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх, зориулалтын гарц гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.
Мөн Онцгой байдлын байгууллагаас голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр томоохон гол, нуурын эрэг дагуу ажиллуулж байгаа тул мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг уриалж байна.