Т.Баярхүү: 24 цагийн хугацаанд нэг сард ордгоос их хэмжээний хур тунадас орсон
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал нар мэдээлэл хийлээ. Мөн үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Улаанбаатар хотод жилд дунджаар 272 мм хур тунадас ордог. Гэтэл зургаадугаар сарын 20, 21-нд үргэлжлэн орсон хур тунадас 24 цагийн дотор 60 мм болсон.Энэ сард дунджаар 47.2 мм хур тунадас ордог бол 24 цагийн хугацаанд нэг сард ордгоос их хэмжээний хур тунадас орлоо. Ингэснээр голууд үерлэж, голын ай сав дагуух жижиг горхиуд үерлэх, энэ нь төв суурин газруудад үерийн эрсдэл дагуулдаг.
2024 он гарсаар улсын хэмжээнд усны ослын 46 тохиолдол бүртгэгдсэнээс 30 иргэн амиа алдсан байна. Энэ сарын 24-ний өдөр Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, Дорноговийн Хатанбулаг суманд усны ослын дуудлага мэдээллээр аврагчид ажилласан. Шүхрээр бууж байгаад голын салаанд газардчихлаа. Бага насны хүүхэд морьтой явж байгаад голын салаанд боогдлоо гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Эдгээр нь байгалийн гамшигт өртсөн асуудал биш, санамсар болгоомжгүй, хайхрамжгүйгээс амь насаа эрсдэлд оруулж байгаа хэлбэр” гэлээ.