ОБЕГ: Маргааш иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 535 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнх” Маргааш улсын их хурлын ээлжит сонгуультай. Үүнтэй холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ОБЕГ-аас 13 аймгийн 68 томоохон гол мөрөн дээр 421 алба хаагч, 115 автомашин, 51 завь, 339 хантаазтай үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдалд шилжин ажиллахад бэлэн болсон байна. Мөн нийслэлийн хэмжээнд 9 дүүргийн 512 байршилд 114 албан хаагчид гал түймэр, гамшгаас урьдчилан сэргийлэх үүднээс маргааш өглөөний 7 цагаас эхлэн 22 цаг хүртэл ажиллана” гэв.
Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ” Цаг уурын байгууллагаас Улаанбаатар хотод маргааш буюу 2024 оны зургаадугаар сарын 28-нд өдөртөө түр зуурын бороо орно. Зургаадугаар сарын энэ сарын 29, 30-нд түр зуурын аадар бороо үргэлжлэн орох тул иргэд аюулгүй байдлаа хангах шаардлагатай. Гол нуур үерийн аюултай түвшинд хэвээрээ байгаа тул голын ай сав газраас аялахгүй, хүүхдийг хараа хяналттай орхихгүй байхыг анхааруулж байна.
Онцгой байдлын байгууллагаас Завхан аймагт болсон үерийн улмаас учирсан хохирлыг арилгаж, овоорсон лаг шаврыг зөөж, айлуудыг нүүлгэн шилжүүлж байна. Мөн 172 өрхийн хашаа байшин болон нийтийн эзэмшлийн талбайд ариутгал хийсэн. Төв аймгийн Алтанбулаг суманд гол дагуух есөн айл өрх усанд автаж, айлуудыг нүүлгэн шилжүүлсэн. Мөн Булган аймагт гол үерлэж, усанд урссан гүүрийг шинээр барихаар болсон.
Сүүлийн 10 жилд гамшиг аюулт үзэгдлийн улмаас Монголд 2000 хүн өртөж, амь насаа алдсан. Иргэд морь, мотоцикл, машинтайгаа гол гаталж байгаад усанд живж, нас барах тохиолдол бүртгэгдэж байна. Иргэд өөрсдийн аюулгүй байдлаа хангаж, мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлгийн анхаарах шаардлагатай. Аялал зугаалгаар явахдаа гол усны аюулаас хол буудаллаж, амрах хэрэгтэй. Хэнтий аймгаас 200 км зайтай газарт нэг айл усанд автсан байх жишээтэй. Малчид анхнаасаа зуслангаа сонгохдоо голын эрэг, салаа газар нутаглахгүй баймаар байна” гэв.