Өвөрхангай аймагт “АН-ыг дэмжээрэй” гэж 300 мянган төгрөгийг айлуудад тарааж байгаад баригджээ
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр АН-аас мөнгө тарааж, худал амлах зэргээр хууль зөрчиж байгаа нь хэрээс хэтэрлээ хэмээн Монгол Ардын намын Сонгуулийн төв штабаас мэдээллээ.
МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва хэлэхдээ “АН-ын зүгээс мөрийн хөтөлбөртөө тусгаагүй зүйлийг ярьж, худал амлалтыг гар утсаар явуулж, сонгогчдыг төөрөгдүүлэх ажиллагааг зохион байгуулж байна. Өвөрхангай аймгийн Төгрөг, Тарагт суманд оюутнуудын саналыг авах зорилгоор “Тэтгэлэгт хамруулна” гэж худлаа амлалт өгсөн үйлдэл гарлаа. Мөнгө тараалт бүх тойрогт хэрээс хэтэрлээ. Булган аймгийн АН-ын хорооныхон иргэдийн хувийн мэдээлэл, регистрийн дугаарыг тулгаж, мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдлаа. Өвөрхангай аймгийн зах дээр АН-аас иргэдэд 150 мянган төгрөг тарааж байгаад мөн үйлдэл дээрээ баригдлаа.
Мөн АН-аас IV тойрогт нэр дэвшигч Мөнгөнхуяг 2024.06.27-нд зах, худалдааны төвүүдээр өөрийн нэрийн хуудсыг мөнгөтэй хамт гялгар уутанд хийж өгч байгаад мөн л үйлдэл дээрээ баригдсан. Энэ үйлдлийг бид бичлэгээр баримтжуулан авч, холбогдох хууль хяналтын байгууллагад өгсөн. 2024.06.26-ны орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын наймдугаар багт байрлах айлын гэрт “Аав, ээждээ өгөөрэй. АН-ыг дэмжээрэй” хэмээн 300 мянган төгрөг дугтуйнд хийж айлуудад тараасан зөрчил илэрлээ. Түүнчлэн иргэдийн дарамт шахалтад оруулах тохиолдол гарч байна. Ингэхдээ “Таныг саналаа хэрхэн өгч байгааг ажиглаж, харж, хянаж байгаа шүү” гэх мэтээр дарамт шахалтад оруулж, сонголтод нь нөлөөлж байна. Сонсголын бэрхшээлтэй иргэдэд заавар өгөхдөө АН-ыг дугуйлаарай гэж нөлөөлөхөөс авхуулаад автомашинаар хүн зөөх үзэгдэл маш их гарч байна. Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг болон Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймагт дугааргүй машинаар сонгогчдыг зөөж, бүлэглэж багцалж саналыг нь өгүүлж байгаа дүр зураг удаа дараа ажиглагдлаа. Тийм учраас эдгээр зөрчлүүдийг холбогдох байгууллагад өгч ажиллаж байна” хэмээн мэдээллээ.